sonin.mn

Хүндэт ноён Игорь Владимирович Моргулов,
Хүндэт ноён Чөн Гуопин,
Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамдын хүндэт төлөөлөгчид өө,

Юуны түрүүнд Монгол Улсын санаачилгаар зохион байгуулагдаж буй Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар гурван талт уулзалтад өндөр ач холбогдол өгч, цаг зав гарган ирсэн Та бүхэнд талархсанаа илэрхийлье.

Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай сайн хөршийн найрсаг харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг билээ.

Энэ хүрээнд Монгол Улс өөрийн хоёр хөрш болох Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, бодит агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллаж байна. Үүний нэг тод жишээ нь хоёр талын өндөр, дээд түвшний айлчлалууд тогтмол хэрэгжиж байгаа явдал юм.

Энэ онд л гэхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга ноён Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад ажлын айлчлал, Оросын Холбооны Улсын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монгол Улсад, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал тус тус хэрэгжүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Петербургийн эдийн засгийн форумд оролцлоо. Энэ нь хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж, харилцааны шинэ хуудсыг нээснийг онцлон тэмдэглэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 2014 оны 9 дугээр сарын 11-нд Бүгд Найрамдах Тажикстан Улсын нийслэл Душанбе хотноо гурван талын түүхэн уулзалт хийж, гурван улсын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах хугацаа, давтамж, зарчим, хэлэлцэх асуудлын хүрээг ярилцаж тохиролцсон. Мөн “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний уулзалтыг жил бүр зохион байгуулж байхаар болж, санал нэгдсэн.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын анхны гурван талт уулзалтын гол зорилго нь Душанбегийн уулзалтаар тохиролцсон асуудлуудыг урагшлуулах, ээлжит “Улаанбаатарын уулзалт”-ын бэлтгэлийг хангахад чиглэгдэж байна.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын гурван талт уулзалтын механизм албан ёсоор эхэлснийг Та бүхэнд мэдэгдэе.

Анхаарал тавьсанд баярлалаа.