sonin.mn

  Дайсан, нөхөр хоёртоо олон сар нүдүүлсэн Н.Алтанхуяг намын даргынхаа ажлыг өгөх гэж байгаа тухай маш том шувуу гурав хоногийн өмнөөс хаа сайгүй нисэх боллоо. Замаас нийлсэн, за бас зарим нэг журмын гэхээсээ илүү жудаггүй нөхөд нь түүний мөнхийн өрсөлдөгч МАН-тай нийлээд ийм нэгэн бор шувууг элээ болгон нисгэж байгааг тааж мэдэхэд төвөг орох юм алга.

  1998 онд яалаа даа, АН-ынхаан гэмээр байна. Та нар М.Энхсайханыг огцруулахын тулд МАХН-ын шургаснаар намын дүрмэндээ өөрчлөлт оруулж байгаад түүнийг суудлаас нь буулгаж байв. Тэгээд л засаглалын хямрал гэж юу байдгийг анх удаа монголчууд амсч, хамгийн аюултай нь бидний, таны, миний С.Зориг алагдсан юм. Түүнийг хэн ийнхүү зэс хөшөө болгосныг эдүгээ хэн ч мэдэхгүй байна.

  Одоо Ардчилсан намд энэ бүхэн дахин давтагдах уу? Ардчилсан нам үүнийг дахин давтах уу? Хэнийг дараагийн хөшөө болгох гээв? Үүнийг одоо асуухгүй бол хэзээ асуух юм бэ үе ирсэн бололтой.

Намын даргыг нь авчихвал хүссэн хүсээгүй тэр огцорно гэдгийг хашир бурхинууд сайн мэдэж байгаа. Нэг ёсондоо огцруулах аргаа өөрчилж байгаа нэг хэлбэр л дээ. Ер нь шунал тачаал дээр суурилан түр зуур нөхөрлөсөн эвэр хошуутангуудын хар төлөвлөгөө юунд ч хүргэх аюултай.

Яагаад гэхээр тэд зорилгодоо л хүрч байвал хүн алахаас ч буцдаггүй юм байна гэдгийг түүх гэрчилнэ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гэрчлэнэ. Ер нь хүний өөрийн цөөврүүд нийлэхээрээ яахаас ч буцахаа больдог. Ялангуяа “хээрийн боохойтой” нөхцсөн “гэрийн нохой” маш аюултай.

  Сүүлийн зургаан жилийн турш АН-ыг АН шиг болгож, өдий дайтай авч явчихаад Н.Алтанхуягийг даргаасаа хөөвөл энэ намын ҮЗХ, бас жирийн гишүүд шившиг. Ялсан баатруудаа “дайнаас” ирэхэд нь чулуугаар шидээд угтдаг нам гэж байдаггүй. Харин ч дараагийн ялалтад яаж тус дэм болохоо боддог. Ялагдаад ирвэл тэртэй тэргүй гутамшиг болгоод хөөгддөг зарчим дэлхий нийтэд үйлчилж байгаа биз дээ, ингэхэд.

  Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг дараагийнхаа ялалтыг бодохоос бус намын даргынхаа ажлыг өгнө гэж арай яриагүй байлгүй дээ. Галзуугийн больницод гар хөлөөрөө тоглож суух хэмжээний ганц нэг нөхдийн л нисгэж байгаа “элээ” гэж үзэж байна. Ер нь юм хийсэн хүн л шүүмжүүлдэг.

Араасаа бөөн хар атаархал дагуулдаг. Үүнээс айж эмээх хэрэг байгаа юм уу? Тэгвэл үхсэнээ хийж 1990 оноос хойш энэ ардчиллын төлөө зүтгэсэн юм бэ гэх хатуу үгийг эрхэм Ерөнхий сайдын зүг чулуудмаар байна. Нөгөө талаас дараагийн Ерөнхий сайд болчих хүн АН-д хэд байгаа юм болдоо бүү мэд. Энэ алба хэн нэгэн шунал тачаалдаа хөтлөгдсөн хүний хашдаг, хашаад чаддаг ажил биш л дээ, уг нь.

Төрийн өндөр сэнтий. Гэхдээ хийнэ, чадна гээд баахан нэвтрүүлэг бэлтгээд түүнийгээ цацаад байдаг нөхөр АН-д бий , бий. Ялангуяа хувийн, бүлэглэлийн эрх ашгийн төлөө зүтгэж яваа “үхэрт” бол ойртуулахын аргагүй суудал.

  Эдүгээ Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан хүмүүс 28+10 боллоо гээд АН-ын нэг маанаг бөөн баяр харайж явна билээ. Тэгвэл дараагийн Засгийг татаж унагаах 38 нөгөө талын фронт дээр бүрэн зэвсэгтэйгээ зогсч байгааг бүү март. Ингээд л ёстой хөл толгойгоо олохгүй бужигнаж эхэлдэгийг мартах ёстой гэж үү хэмээн асуумаар байна.

Н.Алтанхуяг ингэхэд “дайсныхаа” зөвлөгөөг нэлээд дагасан. ЗГ-ийнхаа бүтцийг цомхон болго гэхээр долоон сайдаа татчихлаа. Тэгээд яав. МАН-ынхан дахиад л огт өөр өөр шаардлагууд гаргаж тавиад төрийн ажлыг гацаагаад эхэллээ шүү дээ.

  Наадуул чинь иймэрхүү муу юмандаа угаасаа гаршсан хүмүүс гэдгийг бас бүү март. 1937 онд төрөх дөхсөн сайхан бүсгүйчүүдийг гэдэс рүү буудан алж байсан улаан хувьсгалчдын үр удам гэдгийг бүү март. Мартвал ёстой сөнөнө шүү.

Үзэлцээд л дуус, АН-ынхаан. Хүний муу сул тал бус сайн тал л илүү их гамшиг зовлон авчирдаг гэж агуу Лев Толстой нэгэнтээ хэлсэн юм. Өрөвдөх л юм бол хүний өөрийн нийлсэн “ноход” өр рүү чинь өшиглөж эцсийн дүндээ хамаг зовлонг хөөрхий муу ард түмэн чинь үүрээд бөөвийтөл хоцордог юм даа.