sonin.mn

Хууль, журам гаргасан л бол хэрэгжүүлж байя. Гаргахынхаа өмнө биелэх боломжтой эсэхийг нь судалж шинжилдэг л байлгүй дээ. Арай ч шууд л популист зангаар хэлчихдэг юм биш байлтай.

Өнөөдөр бидний цээжилж чадсан, чадаагүй, сургийг нь сонссон, сонсоогүй олон хууль, журмууд мөрдөгдөхгүй өнгөрч байна. Нийслэлийн хаяг рекламнуудыг аравдугаар сарын 01-ний өдрөөс цэгцэлнэ гэсэн амлалт өгч журам баталж байлаа.

Гадуур харахнээ ганц ч байгууллагын хаяг, самбар өөрчлөгдөөгүй байна. Энэ ч “2010 он гэхэд Улаанбаатар утаанаасаа сална” гэж амалж байсны дэргэд ч гайгүй л дээ.

“Мартсанаас мал мэнд үү” гэсэн гэдэг шиг Тамхины хяналтын тухай хууль байна. Ийм хуультай болсныг одоо олон хүн бараг мартлаа даа. Ер нь хуулиа хэрэгжүүлэх хүрээнд сурталчлах, хянах ямар ажил хийсэн юм бэ.

Сураглаж асуусан хүнд бол хэдэн ТҮЦ л торгуульсан гэх байх. Торгууль өгөхдөө улсад биш харин цагдаад “Та тамхи зарж болохгүйг мэднэ биз дээ. Яахав бензиний мөнгө өгчих" гэснийх нь дагуу хэдэн төгрөг өгдөг гэнэ лээ.

Зарим нь цагдаа биш байдаг гэсэн шүү. Нийслэл хотод дутагдаж байгаа юм нь автозам, цэвэр агаараас гадна ариун цэврийн газар. Тиймээс ч үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийн өрөөг үнэгүй болголоо гээд л зарлаад байсан.

Гэвч уушийн газар болоод дэлгүүрүүдийн ихэнх нь ариун цэврийн өрөөгөө түгждэг болчихлоо. Уушийн газарт үйлчлүүлж байгаа хүмүүстээ л онгойлгож өгдөг бол дэлгүүрт худалдагч нарт нь түлхүүр нь явдаг тохиолдол нэлээд байна.

Энэ мэтчилэнгээр олон хууль, журам гарсан боловч мөрдөгдөхгүй байна. Уг нь бол төр хууль, журмаа ягштал мөрдүүлэхээр шахдаг. Иргэд нь мөрддөг оронд л амар тайван, сайн сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ.

Өндөр хөгжилтэй орнуудтай яг адилхан нийгмийн байгуулалттай болж тэдэнтэй эн зэрэгцэхүйц брэнд өмсч, сүүлийн үеийн унаа машин, утас, зүүсгэлтэй болсон ч амьдрал маань доогуур харагдаад байдгийн учир энэ болов уу.

Ж.Энх

Эх сурвалж: