sonin.mn

Нийслэл болон дүүр­гүүдийн цагдаагийн хэлт­сүүдийн архидан согтуу­рахтай тэмцэх тасгаас сүү­­лийн үед архидан сог­туу­р­ахтай холбоотой эрүү­гийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг бие­лүүлэхгүй удаа дараа зөрчил гаргаж цаг хэтрүүлдэг болон зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хууль бу­саар үйл ажиллагаа явуулж буй баар пабуудад шал­галт явуулжээ.

Улмаар хууль бусаар цаг хэтрүүлэн ажиллаж байсан цэнгээний газрын эздийг хууль тогтоомжид заасны дагуу захиргааны журмаар албадан баривчилж эхэлсэн байна. Ингээд Улаанбаатар хо­тын цагдаагийн газрын Ар­хи­дан согтуурахтай тэм­цэх тасгийн ахлах байцаагч, цагдаа­гийн хошууч Ц.Дунжидаас дараах зүйлийг тодрууллаа.

-“Доргио” баарны эз­нийг баривчилсан нь үнэн юм уу. Хэдий хугацаагаар баривчилсан бэ?

-Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Ба­рил­гачдын талбайд байр­лах “Доргио” нэртэй шө­нийн клуб нь цагдаагийн байгуулага болон алба хаагчийн хууль ёсны шаард­­­лагыг үл биелүүлсэн үндэслэлээр захиргааны жур­­маар захирлыг нь до­лоо хо­ногийн хугацаатай алба­дан саатуулсан. Захир­гааны журмаар алба­дан саа­туу­лахад 7-14 хоног байдаг. Хэд хоног саатуу­лахыг шүүхээс шийддэг.

-Тус баар тусгай зөвшөө­рөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь үнэн үү?

-Доргио баар тусгай зөв­шөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан. Тусгай зөв­шөөрөл нь цуцлагдаагүй байсан. Гэтэл хууль зөр­чиж, өдөр тутам цаг хэт­рүүлэн үйл ажиллагаагаа явуулж байсан тул тус­гай зөвшөөрлийг нь цуц­луулах саналыг Нийс­лэ­лийн захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.

Хэрвээ Нийс­лэлийн захирагчийн ажлын албанаас тусгай зөв­­шөөрлийг нь цуцлавал үйл ажил­лагааг нь нэг­ мөсөн зог­­сооно. Одоо үйл ажил­ла­гааг нь түр зогсоогоод байна.

-“Доргио” баарны тус­гай зөвшөөрлийг өмнө нь цуцалж байсан биз дээ?

-Тийм, хоёр ч удаа цу­цалсан. Нэг цуцлахдаа гур­ван сараар цуцалдаг тул хугацаа нь дуусангуут сэр­гээлгээд байсан. Хуульдаа гурван сараар л тусгай зөв­шөөрлийг цуцлана гэж заа­сан байдаг болохоор тухайн аж ахуй нэгж байгууллагууд хугацаандаа хүсэлтээ та­виад тусгай зөвшөөрлөө сэр­гээлгэж болдог юм.

-Энэ баарны эргэн той­ронд гэмт хэрэг, зөрчил их гардаг талаар эргүүлийн цагдаа нар ярьж байсан?

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7,8 дахь зүйлд архи согтуу­руу­лах ундаа худалдан бор­луу­лах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд 00-06:00 цагийн хооронд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хо­риг­лоно гэж заасан байдаг. Гэтэл дээрх шөнийн клуб энэхүү заалтыг удаа дараа зөрчсөн.

Цагдаагийн бай­гууллага “Доргио” баарны эргэн тойронд он гарсаар 200-гаад дуудлага мэдээлэл хүлээн авч ажилласан бай­­­на. Цагдаагийн байгуул­лагаас нийт найман удаа са­нуулга өгч, торгуулийн ар­га хэмжээ авч байсан.

Эх сурвалж: