sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. “Лалын улс” /“ЛУ”/ бүлэглэл болон террорист “Аль-Каида” байгууллага хоёр Сири дэх дайснуудынхаа эсрэг хамтарсан ажиллагаа явуулахаар тохиролцжээ. Энэ тухай “Associated Press” /АР/ агентлаг мэдээлсэн байна.

Сирийн сөрөг хүчний нэрээ нууцалсан төлөөлөгчийн нотолсноор, “ЛУ” болон “Аль-Каида” байгууллагын төлөөлөгчид Алеппо хотоос баруун зүгт оршдог Атареб хотод 11 дүгээр сарын 2-нд нууцаар уулзаж, дээр дурдсан тохиролцоонд хүрчээ. Уулзалтын үеэр талууд хоорондоо сөргөлдөхөө зогсоож, дайснуудынхаа эсрэг хамтарсан ажиллагаа явуулахаар тохиролцсон бололтой.

АР агентлагийн эх сурвалжийн ярьснаар, дөрвөн цаг үргэлжилсэн шөнийн уулзалтыг Сирийн сөрөг хүчний гишүүд анхааралтай ажиглажээ. Уулзалтын үеэр “ЛУ”, “Аль-Каида” хоёр тохиролцоонд хүрсэн гэдэгт тэрбээр итгэлтэй байна.

Террористууд Алеппо хот орчмын жижиг хотод уулзаж, тохиролцоонд хүрсэн гэх мэдээллийг сөрөг хүчний хээрийн командлагч Абу Мусафер нотолжээ. Түүний хэлснээр, тэд хоорондоо дахин байлдахгүй байхаар тохиролцож, одоогоор байлдааны ажиллагаа явуулаагүй байгаа Сирийн хойд нутгийн хоёр бүсэд курдын цэргүүдийн эсрэг хамтарч ажиллахаар тохиролцсон байна.

Израилийн “Forbes” сэтгүүлд мэдээлснээр, “ЛУ” нь хамгийн баян террорист бүлэглэл юм. Тус бүлэглэл нефтийн борлуулалтаас жилд 2 тэрбум долларын орлого олдог аж. “Аль-Каида” байгууллагын жилийн орлого нь 150 сая доллар байна.

Д.Жаргал

Эх сурвалж: