sonin.mn


1. Оюуны хямрал


Мэдлэгийн салбар уначихлаа. Худал, хүний амьдралд хэрэглэгдэхгүй мэдлэгээр хуурамч диплом олгодог болчихлоо. Буруу ярьж зөв ойлгоно гэж байхгүй, буруу ярьсан л бол буруу ойлгоно, харин зөв ярьж байж л зөв ойлгоно.

Үүнээс үүдэн ёс суртахуун, хариуцлагагүй Монгол хүн нийгэмд ихээр бий болжээ. Монгол хүмүүс үргэлж хоорондоо хэрэлдэж, нэг нэгнийгээ сонсохоо ойлгохоо больсон.

Монголд хүн төрөлртөний үнэн мэдлэг орж ирээгүй байна. Мухар сүсэг газар авч Монголын эсрэг оюуны терроризм нийгмийн түгээмэл үзэгдэл болчихлоо. Оюуны терроризм гайгар Монгол хүнийг төөрөлдөж, Монгол хүний тархи гэмтэж байна.

2. Тэнцвэртэй, тогтвортой байдлын хямрал

Монгол улсын хөдөө орон нутаг эзэнгүй хаягдаж, эдийн засгийн хувьд баталгаагүй, Монгол хүн орон нутагт амьдрах ямарч таатай нөхцөлгүй боллоо. Улаанбаатарт хэт төвлөрсөнөөс болж Монгол улсын нутаг дэвсгэр эзгүйрч байна.

Улаанбаатар хөгжиж байна гэдэг боловч Улаанбаатарт бодит эдийн засаг байхгүй байна. Гадаадын бүтээгдэхүүнийг авчирч борлуулдаг лангуу болсон байна. Монголын төр Улаанбаатарын төр болж орон нутагт олигтой,  шийдэлтэй бодлого алга болжээ.

3. Төрийн хямрал

Хариуцлагагүй, анархист, авилгачдын төр амь бөхтэй оршин тогтнож байна. Монгол хүн Монголын эзэн байх бололцоогүй төрийг эрх баригчид бүтээж байна. Монгол хүн Монгол нутагт нэгдүгээрт амьдрах бололцоо байхгүй, нийгэм, эдийн засгийн баталгаа байхгүй төрийг эрх мэдэлтэнгүүд байгуулж байна. Үндэсний эрх ашгийг өмнөө тавьж чаддаггүй төр байна гэдэг нь Монголд маш аюултай.

4. Итгэл үнэмшилийн хямрал

Монгол орны ирээдүйд итгэх хүн байхгүй боллоо. Сайн сайханд хүргэнэ гэж иргэд итгэл өгч сонгодог. Иргэдийн сонголтыг итгэлтэй нь хамт эрх баригчид булшилчихлаа.

Болохгүй, бүтэхгүй зүйл ярьдаг хүмүүс ихэслээ. Хийх хүнд араг олон, хийхгүй хүнд шалтгаан олон. Иргэдийн итгэл үнэмшилд аль улс төрийн хүчин хариуцлагатай хандах хэрэгтэй.

5. Хүнсний хямрал

Монгол хүний хэрэглэдэг хүнс баталгаагүй, чанаргүй боллоо. Хамгийн хямд, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг импортлогч орон болчихлоо. Өөрсдийн хийж чадах хүнсээ хүртэл эрх мэдэлтэнний тушаалаар оруулж ирдэг арчаагүй улс болчихлоо.

Өргөн хэрэглэээний хүнсний бүтээгдэхүүнд тавигдах хил, гаалийн хяналт авилгын сүлжээнд орсноор гентикийн өөрчлөлтэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэгдэж байна. Хил хаачихвал хүнсний нөөцөө яах зохицуулах вэ гэдэг бодлого хүртэл алга байна.  

6. Эрүүл мэндийн хямрал

Монгол хүн бүрийн 1/3 өвчтэй орон болжээ. Монгол хүн эрүүл амьдрах баталгаагүй боллоо. Эрүүл мэндийн голлох үйлчилгээ урьдчилан сэргийлэх үйлчилгээ байхгүй болжээ. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ Монгол хүний амь насны баталгаа болж чадахгүй байна.

Эмийн худалдаанд дотоодын хяналт тавьж чадахаа больж бүхэлдээ авилгын сүлжээнд орчихлоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд төрийн үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээний гадна байна.

7. Боловсролын хямрал

Монгол хүүхдийг бусдын төлөө бэлтгэж байна. Монгол хүүхдийг Монголын төлөө бэлтгэх ёстой. Монголоос өөр оронд ирээдүй хойчоо, хүүхдээ бусдын төлөө бэлтгэдэг улс байхгүй. Монгол хүүхдийг чи Монгол хүн учраас ийм байх ёстой гэж хүмүүжүүлдэг Монгол ухаан тасарлаа.

Монголын төр хүүхдүүдээ бүрэн сургууль, цэцэрлэгт хамруулах сэтгэлгүй, хүсэлгүй болчихлоо. Монголын ирээдүйг үнэ төлбөргүй боловсрол эзэмшүүлэх үндсэн үүрэгээ төр мартчихлаа.

8. Нийгмийн хямрал

Монгол улсын иргэн бүр хувь хүн болжээ. Улмаар нийгэм гэж ойлгоход хүндрэлтэй болж нийгмийн хямрал нүүрлэлээ. Хүн бүр өөр өөрийн төлөө, амь амиа бодогч болсон. Үүнээс үүдэн төр оршин тогтнох бололцоогүй болчихлоо. Төрийн хамтаар оршин тогтнох үндсэн үүрэг, зарчим алдагдлаа.  

9. Эдийн засгийн хямрал

Аж үйлдвэрийн орноос ганзагын наймааны эдийн засагтай орон, ганзагын наймааны эдийн засагтай орноос ард түмний баялагыг луйвардан хувьчлагч эдийн засагтай орон, ард түмний баялагыг луйвардан хувьчлагч эдийн засагтай орноос байгалийн баялаг, лиценз дамжуулан зардаг эдийн засагтай орон болчихлоо.

Монголын аж үйлдвэрийг өөрсдийн гараар бүрэн утсгачихчаад дахин аж үйлдвэржүүлнэ гэдэг үлгэр ярихаа боль. Аж үйлдвэржсэн улсад баялаг бүтээгчид бий болдог. Баялаг бүтээгчдийг төр аль ч оронд төр нь устгадаггүй, харин бодлогоор дэмждэг.

Оюу толгой, Таван толгой гэсэн 2 төсөлтэй. Энэ 2 төсөл хямрахаар Монголын эдийн засаг дагаж хямардаг болчихлоо. Төслөөс болж хямардаг эдийн засагтай орон байж болохгүй ээ. Улсын эдийн засгийг "ҮЛ ҮЗЭГДЭГЧ ГАР" зохицуулдаг гэдэг номлолын төөрөгдлөөс гарах цаг болжээ..

10. Үзэл сурталын хямрал

Гадны есөн шидийн үзэл суртал Монгол хүний оюуныг эзэмдэж байна. Гэр бүл дотор нам, жалга дов, үзэл сурталаар талцаж байна. Гэр бүл оршин тогтнох бололцоогүй, нийгэм оршин тогтнох бололцоогүй, төр оршин тогтнох бололцоогүй, Монгол улс оршин тогтнох бололцоогүй боллоо.

Социализм 70 жил болоод нуран уналаа, Либериализм 40 жил амьдраад нуран уналаа, үл үзэгдэгч гарын онолч худал болчихлоо. Авторитар дэглэмтэй Орос, Коммунист дэглэмтэй Хятад хоёрын хооронд Монгол либериал үзлээр хөгжихгүй гэдэг нь 25 жилийн хугацаанд тодорхой болчихлоо.

11. Аюулгүй байдлын хямрал

Монгол хүн Монголдоо аюулгүй амьдрах ёстой. Гэтэл Монголд "дайнд нэрвэгдсэн" орон адил хоногт, долоо хоногт төрөл бүрийн шалтгаанаар олон хүн нас барьж байна.

Ардчилсан Швейцарь адил иргэн бүр цэргийн алба хааж улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Гэтэл сул дорой батлан хамгаалахыг бий болгож, Монгол улсын батлан хамгаалах салбарт ноцтой аюул учирч байна.

12. Шинжлэх ухааны хямрал

Монгол улсад шинэжлэх ухаан мухар сүсэгт ялагдлаа. Энэ салбарт Монгол хүний оюуны дархлаа байх ёстой салбар юм. Барууны хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн мэдлэгтэй залууст Монгол улсын шинжлэх ухааны салбар хаалттай байна.

Монголын Шинжлэх ухааны бүр хаалгаа хааж, түнэр харанхуй дунд сууж  байна. Тэднийг гудамжинд гаргаж, хийж бүтээх, эх орныхоо төлөө зүтгэх хүсэлгүй, урамгүй болгож байна.

     Энэ бүх хямралаас гарахын тулд үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Парламентийн засаглалын давуу тал, Ерөнхийлөгчийн засаглалын давуу талыг шингээсэн хагас Ерөнхийлөгч, хагас парламентийн засаглалтай үндсэн хуультай болж, хариуцлагатай, Монгол хүний төлөө ажиллах төрийг байгуулах цаг нь болжээ.
    
     Ардчилсан Герман улс адил "МОНГОЛЫН ТӨР ЗӨВХӨН МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ" гэж шинэ үндсэн хуулиндаа тунхаглаж, "МОНГОЛЫН ТӨР ЗӨВХӨН МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ" гэж Монгол улсын төрийн ордонд залах  хэрэгтэй.

Монгол консерватив нам