sonin.mn

Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын байгууллагыг аливаа ашиг сонирхлоос ангид, олон улсын жишгийн дагуу мэргэжлийн түвшинд байгуулахаар хэсэг сэтгүүлч, судлаач, эвсэл холбоо болон төрийн бус байгууллага санал нэгдэн 2014 оны нэгдүгээр сараас Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийг Санаачилгын бүлэг байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэ хугацаанд Хэвлэлийн Зөвлөл байгуулахын ач холбогдол, олон улсын нийтлэг жишиг, өөрийн орны онцлогийг судлан танилцаж, нэгдсэн ойлголт, хөрс суурь тодорхой хэмжээгээр бий болсон хэмээн Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Үүсгэн Байгуулагчдын чуулганыг энэ оны 11-р сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн нэр хүнд, сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалах, чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх зорилгоор сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулах чиг үүрэгтэй Монгол Улсын хэвлэмэл болон онлайн хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага байх юм.

Энэхүү үүсгэн байгуулагчдын чуулганаар Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн дүрмийг баталж, Удирдах Зөвлөл болон Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн гишүүдийг томилно.

Мэдээллийн Зөвлөлийн үүсгэн байгуулагчдыг Хэвлэл мэдээллийн Эзэд, Сэтгүүлчид болон Санаачилгын бүлгээс хэвлэл мэдээллийн бүхий л төрлийг оролцуулан бүрдүүлэх юм.
 
Бүртгэлийг доорх хаягаар 2014 оны 11-р сарын 8-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж, бүртгэгдсэн хүмүүс дундаасаа чуулганы төлөөлөгчдийг томилох ажиллагаа 2014 оны 11-р сарын 20-ны өдрөөс 24-нийг дуустал хугацаанд явагдана.  

БҮРТГҮҮЛЭХ бол ЭНД ДАРНА УУ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Media-council-club-Mongolia хаягаар орж авна уу.

Хэрэв та Монгол Улсын аль ч нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн эзэн, хувь эзэмшигч эсхүл аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагад сэтгүүлч бол Монголын сэтгүүл зүйн хөгжил дэвшлийн төлөөх энэхүү чухал үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн санаачилгын бүлэг