sonin.mn

ЭЛЬ-КУВЕЙТ. /ITAR-TASS/. Иракийн баруун нутгийн Анбар мужийн Эль-Хадис хотыг Багдад хотоос хойш оршдог Салах-эд-Дин мужийн Байжи хоттой холбодог зам дээр ачааны машины 40 гаруй жолоочийг террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчид хулгайлжээ.

Иракийн хэвлэлүүдэд мэдээлснээр, хулгайлагдсан хоёр жолоочийг цаазалсан байна. Жолооч нар бүгд энгийн иргэд байжээ. Ачааны машинууд хүнсний бүтээгдэхүүн голдуу тээвэрлэж байсан байна. Одоогоор Иракийн хүчнийхэн байлдааны нисдэг тэрэг ашиглан хулгайлагдсан хүмүүсийг хайж байгаа аж.

Үүнээс гадна, Анбар мужийн засаг захиргааны төв болох Рамади хотод Иракийн аюулгүй байдлын хүчин болон хэт давруу үзэлтнүүдийн хооронд дэгдсэн мөргөлдөөний үеэр “Лалын улс” бүлэглэлийн 10 босогчийг устгаж, 15 гаруй хэт давруу үзэлтэн шархадсан байна. Телевизийн “Sky News Arabia” сувгийн мэдээлснээр, гурван цэрэг амиа алдаж, 7 цэрэг шархаджээ.

Ирж буй мэдээллээс үзвэл, Рамади хотын төвд оршдог Иракийн армийн шалган нэвтрүүлэх цэгт босогчид халдсаны дараа мөргөлдөөн дэгдсэн байна.

Үүний сацуу, телевизийн "Ас-Сумария" сувгийн мэдээлж буйгаар, олон улсын эвслийн хүчин Рамада хотоос баруун зүгт хэт давруу үзэлтнүүдийн байрлалд агаараас хэд хэдэн удаа цохилт өгчээ. Агаарын цохилтын үеэр тус бүлэглэлийн толгойлогчдын нэг хүнд шарх авч, нэмээд таван босогч амиа алджээ.

"Ас-Сумария" сувгийн мэдээлснээр, Иракийн хүчнийхэн Анбар мужид гурван өдөр тусгай ажиллагаа явуулж, гурван хотыг террористуудаас чөлөөлж чадсан байна. Босогчдыг устгаж, баривчилсан гэж мэдээлж байгаа боловч чухам хэдэн босогчийг устгаж, баривчилсан талаар тодорхой мэдээлээгүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: