sonin.mn

ХАА-н биржийн 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 285 дахь удаагийн арилжаагаар мах бэлтгэлийн зориулалтын мал арилжих анхны туршилтын арилжаа Баянхонгор аймгийн төвд явагдав. Энэ төрлийн арилжаа орон нутгаас цахим хэлбэрээр анх удаа явагдаж байна.

ХАА-н бирж нь энэ онд багтаан брокерын компани бүхий 16 аймгаас харилцагчийн захиалгын бүртгэл хийх боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Манай улсын 330 сумд ХАА-н дундын хоршоогоо байгуулаад, ХАА-н биржээс тавьж байгаа шалгуурыг хангасан тохиолдолд 2015 онд багтаж биржийн арилжааны цахим сүлжээнд холбогдох боломжтой.

Арилжаа анх удаа зохиогдож байгаа учир харилцагчид ихээхэн болгоомжтой хандах, арилжааны ерөнхий зохион байгуулалтыг бүрэн ойлгоогүй байгаа нь харагдаж байсан ба энэ удаагийн арилжааны гол үр дүн нь харилцагчид газар дээр нь үйл явцыг ажиглан харж, захиалга өгч оролцсоноороо онлайн арилжаа хэрхэн явагдаж буйтай танилцан ойлголтоо бататган итгэл үнэмшилтэй болсонд оршино.

Энэ удаагийн арилжаа нь малыг амьдын жингийн 1 кг тутамд үнэ өгөх замаар арилжсан юм. Малчид Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй ХАА-н биржийн арилжааны зуучлагч "Хонгорын таван эрдэнийн хишиг" компаниар дамжуулан захиалга өгөв. Энэхүү арилжаанаас сургамж авч засч боловсронгуй болгох зүйл багагүй байгааг зохион байгуулагчид тэмдэглэж байлаа.

Энэ удаагийн арилжаагаар 12 толгой нас гүйцсэн эм хонь амьдын жингийн 1 кг тутам нь 1850 төгрөгөөр арилжигдлаа. Арилжаанд орсон нэг хонь дунджаар 83250 төгрөгийн үнэтэй байв.

Биржээр мал арилжихад анхаарах хамгийн чухал асуудал бол биржийн барааны тодорхойлолтод заасан стандартыг хангах явдал бөгөөд түүнийг хэрэгжүүлэхийн төлөө малаа арилжихаар захиалга өгч буй харилцагчаас эхлээд зуучлагч брокерын компани бүр хариуцлагатай хандах шаардлага байгаа нь харагдаж байлаа.

Хөдөө аж ахуйн Бирж 2014 оны 11 дүгээр сарын 13 -ны байдлаар 159 удаа арилжаа зохион байгуулж 6 497 тонн хонины ноос- 11.7 тэрбум, 1 018.2 тонн тэмээний ноос – 5.2 тэрбум, 6 016.1 тонн ноолуур 479.9 тэрбум ,12 535 тонн тосны ургамал 9.9 тэрбум, 1 100.4 тонн ямааны завод ноос – 27.4 тэрбум, 24 тонн тэмээний завод ноос – 60 сая төгрөгөөр, 878.3 тонн хонины завод ноос - 1.08 тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь – 1 сая төгрөгөөр тус тус арилжиж нийт 535.3 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

ХАА-н бирж дээр одоогийн байдлаар 7 төрлийн ноолуур, тэмээний ноос 6 төрөл, хонины ноос 2 төрөл, тосны ургамал 2 төрөл, ямааны завод ноос 2 төрлөөр, тэмээний завод ноос 1 төрлөөр, хонины завод ноос 1 төрлөөр, мал 1 төрлөөр тус тус арилжигдаад байна. Түүхий ноолуур 76 500-77 900 төгрөгийн ханштай байна.
Хөдөө аж ахуйн биржээр нийт 938.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгээд байна.