sonin.mn

ЛОНДОН. /Reuters/. Номхон далай болон Атлантын далайн хооронд Никарагуагийн суваг барих барилгын ажил ирэх сарын 22-нд эхэлнэ гэж уг төсөлд хяналт тавих хороо мэдээлжээ.

Сувгийн чиглэлийг 2014 оны долдугаар сард хэдийн баталсан байна.

Никарагуагийн сувгийн барилгын ажил тав орчим жил үргэлжлэх ажээ. Усан зам нь Панамын сувагтай адил байх бөгөөд уг сувгаас зүүн урагш 805 км зайд орших юм. Барилгын ажлын хөрөнгө оруулалт 50 тэрбум доллар болох аж.

Шинэ суваг нь 278 км урт, 230-520 метр өргөн, 27,6 метр гүн байх гэнэ. Энэ нь Панамын сувгийн үзүүлэлтүүдээс хоёр дахин илүү ажээ. Панамын сувгийн өрсөлдөгчийн чиглэл нь Төв Америкийн томоохон нуур болох Никарагуагийн нуураар дамжин өнгөрнө.

Барилгын ажлыг эсэргүүцэгчдийн дургүйцэл чухам үүнтэй холбоотой байна. Далайн тээвэр эхлэхэд нуур нь цэвэр усны эх үүсвэр байхаа болино гэж тэд болгоомжилж байгаа аж. Гэвч нуурын ёроолыг ухах шаардлагатай ажлыг хийсэн, ингэхдээ тэсрэх бодис ашиглахаас татгалзсан гэж барилгын ажлыг зохион байгуулагчид мэдэгдэж байгаа юм.

Төслийн гүйцэтгэгчээр Хонконгийн «HK Nicaragua Canal Development Investment Co Ltd» ажиллаж байна. Мөн барилгын ажилд ОХУ оролцоно.

Панамын сувгийг 1904 онд барьж эхэлсэн бөгөөд албан ёсны нээлт нь 1920 оны зургадугаар сарын 12-нд болжээ. "Никарагуагийн суваг" гэдгээрээ илүү танил "Их суваг" барих санаачилгыг тус улсын парламент 2012 оны зургадугаар сард дэмжсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: