sonin.mn

Дэлхийн улс орнууд хүн төрөлхтний ирээдүй болсон 18 нас хүртэлх иргэдийн эрхийг хамгаалах тухай хүсэл зориг, алсын хараагаа нэгтгэн 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталсан билээ. Өдгөө дэлхийн 194 улс соёрхон баталж хэрэгжүүлж байгаа уг конвенци нь дэлхий дээр хамгийн олон орон хүлээн зөвшөөрч нэгдсэн эрх зүйн баримт бичиг болжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы хүрээнд Хүүхдийн эрхийн тухай конвецийн 25 жилийн ойд зориулсан өндөр түвшний бүгд хуралдаан 11 дүгээр сарын 20-ны өдөр болов. Уг бүгд хуралдааныг нээж Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы дарга Сэм Кутеца хэлсэн үгэндээ "Хүүхдийн эрхийн тухай конвенци нь хүүхэд бүрийн эрхийг хамгаалах тухай дэлхийн бүх улс үндэстний хамтын хүсэл зоригийн илэрхийлэл юм. Хүүхэд бол бидний ирээдүй тул хүүхдийг хөгжүүлснээр нийгэм эргээд түүний ашиг тусыг хүртэнэ. Тиймээс бид хүүхдийн эрхийг хамгаалж хөгжүүлэх асуудлыг 2015 оноос хөгжлийн зорилгод бүрэн дүүрэн тусгах хэрэгтэй" гэж цохон тэмдэглэв.

Бүгд хуралдаан дээр Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын болон хүүхдийн асуудлаарх тусгай илтгэгч, тусгай төлөөлөгч нарын илтгэлийг сонсож, өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгээс конвенцийн хэрэгжилтийн дараачийн 25 жилд анхаарах асуудал, сорилт бэрхшээлийн талаар ярилцлаа.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн хороо нь хүүхдийн амьд явах жам ёсны эрх, хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих эрх, хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэн үзэх зэрэг чиглэлээр конвенцийн хэрэгжилтийг хянадаг ба бүгд хуралдааны яриа хэлэлцүүлэг ч энэ хүрээнд өрнөлөө.

Зарим жишээ дурдвал, 1989 оноос хойш таваас доош насны хүүхдийн нас баралт болон эхийн эндэгдэл хоёр дахин багассан ба дэлхий нийтээр ундны усны эх үүсвэр 83-аас 90 хувь болон нэмэгдэж, сургуульд хамрагдаагүй хүүхдийн тоо 102 саяас 57 сая болон хоёр дахин буурчээ. Мөн хугацаанд дэлхийн 104 орны төр, засгийн газрууд хүүхэд хамгааллын тогтолцоогоо эргэн харж, өөрчилж сайжруулах алхам хийсэн ба эдүгээ тэдний 74 нь бодлогын баримт бичиг буюу төсөвтөө өөрчлөлт оруулж, үүний ашиг тусыг 690 сая хүүхэд хүртэж байгаа ажээ. Дэлхийн олон оронд хүүхэд, залуусын бодол санаа, дуу хоолойг сонсох зөвлөл, клуб зэрэг бүтэц тогтолцоог хөгжүүлж байгаа ба хүүхдүүд Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн тайланг бэлтгэх ажилд оролцож, бүс нутаг, олон улсын байгууллагууд 2015 оноос хойших хөгжлийн зорилтуудыг тодорхойлох явцад танхимын болон интернэт уулзалт зохион байгуулах замаар хүүхдүүдийн саналыг авч байна.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 25 жилийн ой нь Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт төгсгөлийн шатандаа орж, 2015 оноос хойших хөгжлийн зорилтыг тодорхойлох яриа хэлэлцээ ид өрнөж буй үед болж байгаа онцлогтой тул Конвенцийн хэрэгжилтийн тухай ЕНБД-ын илтгэл, бусад баримт бичгийн дүгнэлт, зөвлөмж нь хүүхдийн амьдрах аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэх, боловсрол ба эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, тэгш бус байдал, ядуурлыг арилгах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг устгах, хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулах зэрэг тогтвортой хөгжлийн зорилгод тусгахаар яригдаж буй олон чухал асуудлыг баталж нотолсон ач холбогдлыг агуулж байна.  

Дашрамд дурдахад Хүүхдийн эрхийн тухай конвенцийн гурван нэмэлт протокол байдаг ба Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг нэмэлт протоколыг 156 улс, Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, садар самуунд сурталчилахын эсрэг нэмэлт протоколыг 167 улс, Мэдээлэл хүргүүлэх журмын тухай шинэ нэмэлт протоколыг 11 улс тус тус соёрхон баталж хэрэгжүүлдэг.

Монгол Улс нь Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдсэн эхний таван орны нэг бөгөөд Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг болон Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, садар самуунд сурталчилахын эсрэг нэмэлт протоколыг  тус тус соёрхон баталсан ба Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколд 2013 онд гарын үсэг зураад  байна.