sonin.mn

Эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ойн баяр “Монгол бахархлын өдөр”-ийг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд  2014 оны 11-р сарын 23-ны өдөр өргөн тэмдэглэв.

Баяр ёслолын ажиллагааг Элчин сайд Ш.Алтангэрэл нээж үг хэлсэн бөгөөд ЭСЯ-ны хашаанд байрлах “Овоо”-ндоо мөргөн хадаг өргөж, идээ шүүсээ барьж, нум сум харваж ёслол үйлдэв.

Баярын ажиллагаанд Москва, Санкт-Петербург хотноо ажлын айлчлал хийсэн Улаанбаатар хотын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид, халимаг, буриад, тувачуудын төлөөлөгчид, Москва хот дахь монголын компаниудын төлөөлөгчийн газрынхан, монголчуудын “Мөнх тэнгэр” нутгийн зөвлөлийнхөн оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Халимагын БН Улсын Филармонын дарга, хөгжмийн зохиолч Аркадий Манжиевыг “Найрамдал” медиалиар шагнасныг Элчин сайд Ш.Алтангэрэл гардуулав. Улаанбаатар хотын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга Москва хотноо амьдардаг нийслэлийн уугуул иргэд болох А.Железняков, С.Эрдэнээ нар болон монголын нутгийн зөвлөлийн зарим гишүүдэд Улаанбаатар хотын 375 жилийн ойн дурсгалын тэмдэг гардуулав.    

ОХУ-ын Халимагын БНУлсын санаачлагч бүлгийнхэн Элстэй хотноо барих “Тэмүүжин” нэртэй түүх, аялал жуулчлалын цогцолборын төслийн танилцуулгыг хийж, халимаг бүжигчид үндэсний бүжгээ бүжиглэв. Монголын дуурийн шилдэг дуучдын “Монголын алтан дуу хоолой” концертод хүндэт зочноор оролцсон Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор ая дууны цэнхэр хадаг барьсан нь бүхний сэтгэлд ихэд нийцэв. ЭСЯ, Москва хотын хилийн цэрэг, батлан хамгаалахын сургуулиудын сонсогчид, нутгийн зөвлөлийнхний нийт дөрвөн баг шагайн харваанд цэц мэргэнээ сорьж, батлан хамгаалахын “Сүлд” баг түрүүлж, хилийн цэргийн “Хилчин баг” удаалж, “Мөнх тэнгэр” баг гуравдугаар байрыг эзлэв.

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 852 жилийн ойн баяр “Монгол бахархлын өдөр”-ийн өмнөхөн Орос Улсын алдарт Их театрын тайзнаа Монголын дуурийн шилдэг дуучдын “Монголын алтан дуу хоолой” концерт тоглосон нь үнэхээр монголын бахархал болов.