sonin.mn

Хан-Уул дүүргийн Яармагийн гүүрний баруун талд барьж байгаа “Хүннү молл” барилгын нэг давхарт мөсөн гулгуурын талбай ашиглалтад ороход бэлэн болж байна.

Монгол Улсад анх удаа зуны улиралд ч үйл ажиллагаа явуулж болох мөсөн талбай /каток/-тай болж байгаа гэдгээрээ нийслэлчүүдийн анхаарыг татаж байгаа юм. “Хүннү молл” ХХК орчин үеийн стандартад нийцсэн, энтертайнмент төвүүд хосолсон моллын үйлчилгээ үзүүлэх гэж байгаа нь Монголдоо анхдагч болж байна.

Тус дэлгүүр нь 800 хүний суудалтай “multifunctional” кинотеатр, тоглоомын парк, “Хүннү” цэцэрлэгт хүрээлэн, каток гээд нэг дор бүх зүйл байх цогц шийдлийг сонгожээ.

“Мөсөн каток нь 400 метр квадрат талбайдаа нэг дор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай юм. Монголд анхдагч болсон барилга дотор байрласан катокыг Европын техник, тоног төхөөрөмж  ашиглан ОХУ-ын мэргэжлийн инженерүүд гүйцэтгэжээ.

Одоогоор ажлын гүйцэтгэл нь 90-ээд хувьтай байгаа. Шинэ оны өмнөхөн ашиглалтад орох юм. Мөн катокт байх тэшүүрийн хэрэгслүүд нь Европын орнуудад захиалсан байна. 

Тус мөсөн гулгуур байнгын ажиллагаатай болсноор сургалт, тэмцээн уралдаан тогтмол болж байх бөгөөд энэ төрлийн спортыг сонирхон хичээллэдэг хүн бүрт нээлттэй байна” хэмээн “Хүннү молл” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн П.Амарцэцэг онцоллоо.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг