sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. АНУ-д “Эбола” вирусийн туршилтын вакцины анхны туршилт амжилттай болжээ. Энэ тухай тус улсын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн /ХХӨСҮХ/ захирал Энтони Фаучи мэдээлсэн байна. Түүний ахалсан Америкийн мэргэжилтнүүдийн баг “Эбола” вирусийн эм гарган авах ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж.

Тус багтай "ГраксоСмитКлайн" компани хамтран ажиллаж байна. Мэргэжилтнүүд судалгааныхаа дүнг “Шинэ Английн эрүүл мэндийн сэтгүүл”-д нийтэлжээ. Эрдэмтэд вакцинаа сайн дурын 20 хүнд туршсан бөгөөд үр дүн нь нааштай гарсан байна.

Ийм амжилтад хүрсэнд Цагаан ордон эрдэмтдэд баяр хүргээд тэдний ажлыг "Эбола" вирусийн аюулаас ангижрахад “чухал алхам” боллоо гэж тодорхойлжээ. Фаучи болон түүний хамт олонд “Эбола” вирусийн халдвартай тэмцэх ажилд гаргаж буй хүчин чармайлтад нь талархаж буйгаа илэрхийлэхээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ХХӨСҮХ-д 12 дугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт зочлохоор төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн тэрбээр уг вирусийн халдвартай тэмцэхэд ирэх онд төсвөөс нэмэлт хөрөнгө гаргахыг Конгресст уриалахаар төлөвлөж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: