sonin.mn

ЛОНДОН. /Reuters/. Лалын босогчдын цэрэгжсэн бүлэглэлүүдийн халдлагуудад дан ганц 11 дүгээр сард 5000 гаруй хүн амь үрэгдсэнийг судалгаа харууллаа.

Британийн “ВВС” телевиз болон судалгааны нэг хүрээлэн лалын ариун дайны талаарх хамтарсан тайлангаа пүрэв гарагт гаргажээ.

Үүнээс үзвэл, өнгөрсөн сард дэлхийн 14 улсад босогчид 664 удаа халдлага үйлдэн, 5042 хүний аминд хүрсэн байна.

Амь үрэгдэгсдийн бараг тал хувийг нь “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл хөнөөжээ. Тус бүлэглэл нь Ирак болон Сирид голдуу ажиллагаа явуулж байгаа юм.

Халдлагуудад энгийн иргэд хамгийн их өртсөн байна. Амь үрэгдэгсдийн талаас илүү хувь нь энгийн номхон иргэд байжээ.

Иракт хамгийн олон буюу 1770 энгийн иргэн амь үрэгдсэн аж. Амиа алдсан энгийн номхон иргэдийнхээ тоогоор Иракийн араас Нигери, Афганистан болон Сири орж байна.

АНУ-д есдүгээр сарын 11-нд террорист халдлага үйлдсэн “Аль-Каида” бүлэглэлтэй лалын энэ бүлэглэлүүдийн олонх нь албан ёсны харилцаагүй болохыг уг тайланд тэмдэглэжээ.

Босогчдын бүлэглэлүүдийг дарахад улам төвөгтэй, хэцүү болж байгааг уг тайланд анхааруулж, тэдгээрийг цэвэрлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг урт хугацааны дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: