sonin.mn

ЛОНДОН. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэхэд Иракийн армийг бэлтгэхээр Их Британи улс хэд зуун цэргээ илгээнэ гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Майкл Фаллон мэдэгджээ.

“Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэх Ирак болон Курдын дайчдыг бэлтгэх Их Британийн хэдэн зуун цэргийг ирэх оны нэгдүгээр сард Ирак руу илгээнэ гэж Фаллон мэдэгдсэнийг “Телеграф” сонин мэдээлэв.

Иракийн армийг бэлтгэх багийг хамгаалах байлдааны бэлэн байдалтай цэргүүдийг мөн илгээх ажээ.

Бэлтгэлийн баг Иракийн нийслэл Багдад хотын ойролцоох армийн гурван, Курдын бүс нутгийн нэг төвд ажиллана гэж сайд мэдэгдсэн байна.

Уг цэрэг илгээх ажиллагааны талаарх нарийн мэдээлэл хараахан гараагүй ажээ. Одоогийн байдлаар Их Британийн 50 цэрэг Иракийн армийг бэлтгэж байна гэж “Телеграф” мэдээлэв.

Гурван жилийн өмнө Их Британи улс Иракаас цэргүүдээ эргүүлэн татсанаас хойш анх удаа хуурай замын цэрэг илгээж буй нь энэ болохын зэрэгцээ Ирак, Сири дэх босогчидтой тэмцэхэд Их Британийн оролцоо шинэ шатанд гарч байгааг харуулж байна гэж мэдэгдэлд дурджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: