sonin.mn

Дамдины Пэрлээ /Хөдөө/-гийн мэндэлсний 103 жилийн ойд зориулав


Гүн Галуутайн хөндийг хөндлөн гарсан замаар намрын шаргал наранд нозоорон, тоосч үгуй осолдохгүй л урагш явж газар хороосоор байгаа нэгэн "аянчин”, шорооны л гэдэг байсан даа шаргал цувыг бүсэлхийгээрээ ороож гялгар саравчтай малгай духдуулсхийсэн, сахал нь жоохон ургачихсанаас биш гүжирмэг эрийн бор царай (би залуу хүн шүү! гэж хэлүүлэлтгүй илтгэнэ ээ.

Тэр үeийн (дарга)-ын л гэгддэг товчтой хүрэн цүнх үүрсэн түүний унасан унаа нь аргамаг хүлэгтэй огт зүйрлэмгүй, унадаг дугуй. Сайх эр мацан мацсаар өгсүүр мөрөг дээр гарч ирэн унаа бие хоёроо түр амрааж, хөхрөн униартах их хөндий тийш нүд бэлчээлээ.

Залуу хүний нүд ч идэр бүргэдийнх шиг тэртээх холыг ойртуулна. Дэнж дээр цайвалзах цагаан гэр хараанд нь тороход зайтай л байна. Жирийлгээд хүрнэ ээ хө! гэж өөртэйгөө яриад унаандаа мордлоо. Ойртох тусам бүх зүйл бэлхнээ харагдаж том гэр, хажууханд нь цагаан идээний бололтой бор гэр, хэд юм бэ бүү мэд! ямар айлын унага тоолдог ёс байх биш, ямарч байсан зэл дүүрэн жирийсэн олон амьтад, багширсан олон адуу.

Ядарч яваа түүнд адуу нь биш айраг л бодогдох төдийгүй бүр амтагдах шиг. Чүү! гэж гуядах шахан дөрөөн дээрээ босох аядан оволзсоор дөхөж очлоо. Гэрийн сүүдэрт хэвтэж байсан том нохой ч юу юугүй л ирлээ дээ. Дугуйгаа урдаа хөндлөн барилаа.

Нохой тойрч хуцаад л урьд өмнө нь ийм юм үзээгүй болоод ч тэр үү яг ч дайрч чадахгүй буцаж бусгаад, Эн сацуу их үдийн саам дуусч гэрлүүгээ ирж яваа саальчин бүсгүйн ганц дуунаар банхар шарвалзан эрхлэх аядан эргэвч, нүднийхээ булангаар эвгүй л хялайж холдлоо.

Гэрт ормогц л хоёр хөл ёг гээд суулаа даа. Бүсгүй-Тарган сайн намаржиж байна уу? тавтай сайн морилж явна уу? гэхэд нь эхлэн мэндэлж чадалгүй унхиагүй ч болдоо гэж өөрийгөө зэмлэн, “Таргаан. Тарган тавтай намаржиж байна” гэх хооронд, бүсгүй том гэгчийн туушинд намрын айраг мэлтэлзүүлэн барилаа.

Айраг ууж өрөмтэй ааруул цохиж жаахан тэнхэл орж байтал, залуу хүү хаанаас хаа хүрч явна гэхэд нь -Өө би энүүхэн Биндэрийн хүн л дээ, хот орох санаатай гэвэл хол газар хэцүүхэн л унаатай яваа юм байна даа" гэхээр нь “Дулаан цагт байгаль дэлхийтэйгээ танилцаж тааваараа явах сайхан байдаг юм аа.

Машин замаас холгүйхэн явдаг болохоор зарим үөд нь дайгдаад ч болов дөхнө дөө гэж мунгинаж яваа минь энэ" гэвэл “Хойшоо биш урагшаа явдаг юм болохоор болох л байх даа. Унааны чинь хөл муудвал эзэн нь дугуйгаа унах биш, дугуй нь эзнээ унах болбол хэцүүөэ” гэж бодоод “Хэрэггүй юм асуучихлаа” гээд инээхээр нь “Зүгээрээ зүгээр” гээд “Ах нь энэ зэргийн үгний ариг даахтайгаа эр ээ” гэж хариугаа авах аядлаа.

-“Хайлган цагаар харшиж явахыг бодоход чухал ажилтай явна уу? Хаана юу хийдэг вэ дүү хүү?" гэж асуултыг ар араасаа хөврүүлснээ “Айраг зоогло” гэхээр нь

-Манай нутагт гүү барьдаггүй шахам болохоор би айраг ууж гавьдаггуй юм. Өндөрхааны холбоонд ажилладаг. Уг нь ч би багш хүн л дээ. Жаал зугаа шүлэг зохиож оролддог ухаантай, хааяа хот орж хэвлэлд өгдөг тухайгаа ярилаа. “Юм юмтай сэргэлэн хүү байнасанж, одоо ч оройтлоо хоноод яв! эгч нь хажуу гэрт хоол хийгээд ирье" гээд гарлаа. Өдөржин наранд хол явж дээр нь хоёр туушин айраг хүртчихсэнийг хэлэх үү суугаагаараа давсанд явчихжээ.

Хэчнээн дугжирсныг бүү мэд, нохой хуцах чимээнээр сэрэгчээ аядвал харанхуй болчихсон давсаг гэдэг аль хэдийнэ тулган чинэрчихсэн, гарах гэхээр нохой байдаг, аз таарч бүсгүй адуугаа залаад уяан дээр бууж, үүдэн хавьд хавьчганан зогсох намайг харангаа, “За тэр бага уу” гээд байхад эр хүн чинь хэрдээ тааруулж хүртээд, хэмжээг нь болохоор морио харж байхгүй бол танихгүй айлд горьгүй шүү” гээд тас тас инээх нь чихэнд чимэгтэй байсан ч цаанаа нэг л ёжтой санагдлаа.

“Чиний унаа ч өвс ус гэхгүй амар юм байна. Манай банхар уурлаад дугуйг нь тас хазчихаж мэднэ" гээд хажуу гэрт оруулчихсаан. Орж ирээд гүнцгээ зоогло. “Манай нохой шөнөдөө эзнээ манадаггүй хотоо манадаг болохоор айх хэрэггүй” гэв. Намайг орж ирэхэд бүсгүй хорийн бидонтэй усыг нэг их түүртсэн янзгүй өргөж байхад нь “Өө надад хэлэхгүй дээ, алив би” гээд авах гэтэл “Зүгээр ээ! Чи ямар насан туршдаа манайд байж хүнд бүхнийг өргөж өгөх биш” гээд яах ийхийн зуургүй тогоо руугаа цутгалаа.

Хэн юугаараа баян тэр түүгээрээ дайлдаг болохоор, сав дүүрэн айраг өмнө минь тавихад “Одоо ч их уухгүй ээ. Аягүй бол уух биш ухаан алдах байх шүү гэвэл “Өдөр суугаагаараа унтчихдаг хүн чинь шөнө хэвтээгээрээ тавтай унтахгүй юу. Өөр юу ч хийхэв дээ, төв газрын хүн байна сонин юм ярьж сэтгэл сэргээвэл зүгээр л байна” гээд галаа түлж төгсгөлгүй шахам хөдөөгийн ажлаа үргэлжлүүлэхийн сацуу мөнгөн аяга дүүрэн монгол архиар дайллаа.

Самбайчлаад гэх үү дээ. “Ингэхэд дүү охины нэр хэн билээ дээ, нөхөр чинь эрэлд яваа юу” гэж эв хавгүйхэн асуулт тавилаа. “Эр хүн чин эхэлж өөрийгөө танилцуулдаг биш бил үү. Манай сумын ой болж аав ээж хоёр маань наадам үзэхээр явцгаасан. Би яах вэ залуу нас байна олон наадам үзэх байлгүй тэглээ ч хөдөөний ажил дуусах-биш гэснээр" бараг асуух юмгүй шахам болголоо.

Танай үүгээр “Баривчилгаа" болж байна уу! гэвэл бүсгүйн нөгөө сайхан царай хувьсан өөрчлөгдөж амар байна уу гэсэн биш гай болов гэгчээр, энэ хүн чинь! гэсэн сэжиглэнгүй харц бэлээхэн туслаа. Би “Тус болсон хүн рүүгээ ус цацав гэгч боллоо уучлаарай. Одоо ч хүн хүнээсээ бүү хэл сүүдрээсээ цочих болжээ" гэж хүлцэл өчөөд дэвтрээ гарган бичсэн шүлгээсээ уншиж өглөө. “Чи ч олон янзын шүлэг бичдэг хүн байна. Харин эмэгтэй хүний тухай ч юм уу ээжийн тухай сайхан шүлэг байна уу” гэхээр нь “Бага сага бичдэг ээ бичдэг, харин би өөрийн чинь тухай гоё шүлэг бичнэ ээ” гэвэл “Миний тухай ч юу юм бэ, хайртай бүсгүйнхээ тухай гэвэл арай үнэнд ойртох байлгүй, та амар даа.

Би нөгөө гэртээ орж сүү са!влиа янзаллаа” гээд гарлаа. “Айраг бүлж өгье” гээд араас нь очилтой биш. За яах вэ эр хүн байна даа гэж их юманд* санаархах аядан хажуулдсан нь давхар давхар идээнд нам цохиулаад унтаж орхижээ. Гүүргийн дуу ойртохоор сая сэртэл нээлттэй орхисон хаалгаар өглөөний нар тусчихсан, ухасхийн босоод гутлаа өмсөх гэтэл хөлийн жийрэгнүүд байдаггүй.

Хужирссан үхэр онгорхой хаалгаар чирч аваачаад хивчихсэн юм болов уу гээд гутлаа холхиндог углаад гартал хэцэн дээр нөгөөдүүл чинь дэрвэж угтлаа. Бүсгүй угаагаад өлгөчихсөнөөс зайлахгүй юм болжээ.    

Гүүн зэл рүү яаран сандран очтол саальчин бүсгүй унагаа чагтлаад хувинтай саамаа барьсаар урдаас угтлаа. “Хүүхэд юм болохоор сайхан унтах юм аа” гээд тэгш цагаан шүдээ яралзуулан инээхэд би ичиж, орчлон баясав. “Ганц хувин ус ч дөхүүлж өгөлгүй, идэж унтахаас цаашгүй юм боллоо доо” гэвэл "Зүгээр ээ зүгээр алжаалаа тайлж чадсан бол болоо шүү дээ” гэж бэлэн хоол цайгаар дайлан ‘‘Холын хүн эртхэн газар дөхсөн нь дээр дээ, наадамчид ч ирэх болж байгаа болов уу, харин та миний энэ захидлыг цэрэгт байгаа найзад минь хүргэхийг хичээгээрэй" гээд гурвалжин эвхсэн захидал өглөө.

Бичгийн хэв нь сайн тогтоогүй ч гаргацтай зөв бичсэнийг нь гүйлгэн хараад "Хөдөө газар ховорхон тохиолдох сувд юм даа” гэж өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Бүсгүй энэ тэрийг янзлан орж гаран ажлыг ч ёстой гялалзуулж харагдана. Нимгэн торгон дан дээлний цаанах биеийн галбир, гил хар гэзэг.хөл нүцгэн ч чилгэр сайхан шилбэ ярих ч юм биш.

Эднийд будилж өнгөрүүлсэн өдөр шөнө хоёроо бодохоос шалавхан холдож цээж дүүрэн уужуу амьсгаа авмаар санагдана. "Тэгнээ тэгнэ заавал хүргэж өгнө” гээд захидлыг халаасандаа хийн дугуйгаа чирээд гарлаа.

Бүсгүй уутанд ааруул хурууд хийж “Замдаа зооглоорой, аяндаа сайн яваарай, ажлаа сайн амжуулаарай.Эргэж ирэхдээ зав гарвал манайхаар ороорой, сонин сайхан ном байвал мэдээрэй, манайх холдлоо гэхэд голоо өгсөөд л намаржина” гээд тормолзсон нүдээрээ инээд халин мишээхэд нь харц тулгарсан би гэм хийсэн амьтан шиг бултаж, хамаг бие, улаан нүүр бүр ч халуу оргих шиг. Цувны дотор халаасанд хэнд ч биш зүгээр л аятайхан зөв өнгөтэй гоёмсог эд гэж бодоод хоршооноос авсан цэнхэр дурдан алчуур байгаагаа сая санаж, “Тантай танилцсаны өчүүхэн бэлэг” гээд өглөө

. Бүсгүй “Та үүнийг өөр хүнд” гэнгүүт нь “Үгүй! үгүй хэнд ч зориулаагүй харин чамд очих учиртай байжээ” гээд унаандаа дөрөөллөө. Хот айлаас холгүйхэн хойд мөрөн дээр нь гарч сая нэг амьсгаа авч эргэн харвал бүсгүй Миний өгсөн цэчхэр дурдан алчуураар даллаж байлаа Үнэндээ би хэнийх гэдэг айлд хоног төөрүүлж, хэн гэдэг ховорхон тохиох бүсгүйгээр дайлуулснаа мэдэж чадаагүй юм, залуу насаа гэж...

Миний чадан ядан бичээд байгаа өгүүллэгийн эзэн чинь хөдөөгөөс шүлэг зохиолоо бичдэг байсан, хожим нь алдарт эрдэмтэн, академич болсон хөдөөгийн Пэрлээ шүү дээ.

1937 оны намрын энэ явдлаар Пэрлээ эсэргүү бүлгийн гишүүн гэж баривчлагдан 10 жилийн ялаар шийтгүүлж аавын хаалга татжээ, -Түүний халаасанд байсан захидалд хол ойрын нөхдийн эвтэй байж, дарга нарынхаа үүрэг даалгаврыг үнэнчээр биелүүлж яваа биз дээ. “Буян ахынх чамайг эргэж очдог уу” гэж тохиолдлоор нэр таарсныг мушгин, “Хол ойрын нөхөд гэж хэнийг хэлж байна вэ? Тэдний даалгавар юу байсан бэ? Буян гэж байгаа чинь Буяннэмэх, Ринчен нарын холбоотон, тэдэнд мэдээлэл дамжуулдаг чинь батлагдаж байна” хэмээн шахсанд үгүй гээд нэмэргүй ээ. Ямар ч байсан амьд үлдэх нь чухал” гэж шийджээ.

Шоронгоос гарахад нь захидал нь хавтаст хэрэгт авагдаж архивт орсон гэснээр эргэж олдохгүй нь ойлгомжтой болсон билээ. Сайхан бүсгүйн дүр санаанд нь байсан болохоор

Цэнхэр дурдан алчуураа
Цэцэг навчаар гоёлоо доо
Цээжний янагаа санахдаа
Цэргийн хороо илхэн байна
Зүрхний амраг чи минь
Зүүднээс ерөөсөө салдаггүй
Алтан үсэгтэй захидлыг
Амраг чамдаа бичлээ дээ
Ардын цэргийн албандаа
Амар мэнд байна уу
Зүрхний амраг чи минь
Зүүднээс ерөөсөө салдаггүй
Халуун янаг чамаасаа
Хариу захидал хүлээнэ дээ
Хамаг мал сүргээ
Хайрлан өсгөж байна шүү дээ
Зүрхний амраг чи минь
Зүүднээс ерөөсөө гардаггүй ээ

Ийнхүү амьдралаас амилсан шүлгээ 1942 онд бичиж удалгүй ая зохиолгож өдгөө 70 гаруй жил дуулагдан, дуулсан бүхэн нь гавьяат болж, ард түмний дунд "Амрагийн дуулал” гэж алдаршсан бөлгөө.

С.Шаарийбуу /МУИС-ийн багш, доктор/