sonin.mn

УЛААН-ҮД. /asiarussia/. Оросын бүс нутгууд Орос-Монголын харилцааны хэтийн төлөвт янз бүрээр хандаж байна. Махны үнэ өндөр байгаагаас болоод Эрхүү мужийн үйлдвэрүүд Монголтой гэрээ байгуулахаа больсон тухай мужийн ХАА-н яамны тэргүүн Ирина Бондаренкогийн ярьснаас иш татан “БайкалИнфо” цахим хуудас мэдээллээ.

Хөрш улсаас худалдан авах махны үнэ нь Бразил болон Аргентинаас нийлүүлж буй түүхий эдийн өртөгтэй харьцуулшгүй аж.

Түүний сацуу, Эрхүүгийн түшмэдийн иймэрхүү мэдэгдлүүд нь Дорнод Сибирийн мах комбинатуудын өөдрөг төлөвлөгөөтэй огтхон ч авцалдахгүй байна. Эдгээр комбинат Монголоос мах импортлоход бэлэн гэдгээ мэдэгдэж байсан юм.

И.Бондаренкогийн ярьснаар бол, бүс нутгийн үйлдвэрүүд хөрш орноос мах худалдан авах хэлэлцээр байгуулахгүй байгаагийн өөр нэгэн шалтгаан нь квоттой холбоотой ажээ. Тухайлбал, Монголын хувьд энэ квот нь Бразил, Аргентин зэрэг томоохон нийлүүлэгчдэд олгосон квотоос хамаагүй бага. Харин Ерөнхийлөгч Путин Монголд айлчлах үеэрээ, “Монголд үйлдвэрлэсэн мал аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд тогтоосон тодорхой хязгаарлалтуудыг цуцлах”-д бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.

Үйлдвэрийнхний санаа бодол өөрчлөгдсөн нь хязгаарлалтыг цуцлах амлалт биелээгүйтэй холбоотой. Одоогоор Оросын махны импортын 90 хүртэлх хувийг Латин Америкийн орнууд нийлүүлж байна.

Түүнээс гадна, 10 дугаар сарын эхээр Россельхознадзор үхэр, адуу, хонины мах нийлүүлэлтэд түр зуурын хязгаарлалт тогтоожээ. Үүний шалтгаан нь шүлхий өвчин огт биш. Хөрш орноос Орос руу мах оруулахад удаан хугацаагаар хориг тавьдаг байсан нь Монголд шүлхий гардаг гэх үндэслэл шалтгаанаас үүдэлтэй.

Харин энэ удаад хязгаарлалт тогтоосон нь энэ оны 8-9 дүгээр сард Монголын махны үйлдвэрүүдэд хийсэн шалгалттай холбоотой аж. Оросын мал эмнэлгийн байцаагч нарт эдгээр үйлдвэрийн юу нь таалагдаагүй вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Монгол малын мах өндөр үнэтэй байгаа нь Эрхүүгийнхэнд таалагдахгүй байгаа бол Кузбассын үйлдвэрүүд хонь, үхэр, гахай, адуу, тэмээний мах худалдан авч боловсруулахад бэлэн байгаа аж. Кузбассын амбан захирагч А.Тулеев Орост суугаа Монголын Элчин сайд Ш.Алтангэрэлтэй уулзах үеэрээ ийм санал тавьжээ.

Уулзалтын үеэр худалдаа-эдийн засгийн харилцааг өргөжүүлэх бусад боломжийн талаар ярилцсан байна. Тухайлбал, Кузбасст Монголын арьс ширэн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр нээхийг А.Тулеев санал болгов.

Харин Кузбассынхны хувьд, Улаанбаатар төмөр замыг шинэчлэхэд зориулан ЕВРАЗ ЗСМК үйлдвэрийн зам төмөр нийлүүлэхэд бэлэн байгаа аж. Өнгөрсөн жил уг завод Монголд 25 м урттай 11,2 мянган тонн зам төмөр нийлүүлсэн бол энэ онд дахин 2000 орчим тонныг нийлүүлэхээр төлөвлөжээ.

Мөн түүнчлэн Монголын оюутнуудыг нүүрсний салбарын нарийн  мэргэжлүүдээр сургах, мэргэжилтнүүдийг дахин сургаж дадлагажуулах, туршлага солилцох хүсэлтэй байгаа гэдгээ Кузбассынхан илэрхийллээ.

Б.Адъаяхүү

Эх сурвалж:
http://sonin.mn/uploads/images/montsame.jpg