sonin.mn

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Сирийн хямралыг зохицуулах НҮБ-ын тусгай төлөөлөгчийг бүх талаар дэмжихээ ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар мэдэгдлээ.

Алеппо хот болон бусад газарт олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу байлдааны ажиллагааг зогсоох НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистурагийн төлөвлөгөөг ЕХ дэмжихэд бэлэн байна гэж ЕХ-ны 28 орны Гадаад хэргийн сайд нар Брюссельд уулзсаныхаа дараа мэдэгджээ.

Сири дэх, ялангуяа Алеппо хот дахь хүчирхийллийг намжааж, хэвийн түвшинд оруулах, үндсэн үйлчилгээг сэргээх, орон нутгийн засаглал, удирдлагыг шинэчлэхэд хувь нэмрээ оруулж буй НҮБ-ын төлөөлөгчийн хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх арга замыг ЕХ хайж байгааг сайд нар цохон тэмдэглэжээ.

Сирид болж буй олон улсын хүмүүнлэгийн хууль болон хүний эрхийг зөрчсөн хүчирхийлэл үргэлжилсээр байгааг ЕХ-ны сайд нар зэмлэн буруушаав.

Мөн тэд, Сирийн Засгийн газар болон түүнийг дэмжигчдийг чиглэсэн хориг арга хэмжээ авах бодлогоо уг дарангуйлал дуусах хүртэл үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.

Сирийн хямрал улам газар авч Сири гэлтгүй бүс нутаг уг хямралд автаад байна. Хямралын улмаас 191 мянган хүн амиа алдаж, нэг сая гаруй хүн шархаджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: