sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама конгресстоо жил тутмын илгээлтээ тавилаа.

“Лалын улс”-тай тэмцэнэ

Ерөнхийлөгч Обама мягмар гарагийн орой конгресстоо ээлжит илгээлтээ тавьж, өөрийнхөө хэрэгжүүлэх бодлогуудыг танилцуулжээ.

‘’АНУ болон дэлхий дахин XXI зууны эхний 15 жилд их гарз хохирол, хямрал дагуулсан хоёр урт дайны нүүр үзсэн. Одоо өөр хуудас эргүүлэх цаг болжээ” гэж тэрбээр илгээлтийн эхэнд хэлсэн байна.

“Лалын улс” бүлэглэлийн хэт давруу үзэлтнүүдийн тухайд, АНУ тэргүүтэй улсуудын хүчнийхний эвслийн өнгөрсөн оны наймдугаар сард эхлүүлсэн агаараас цохилт өгөх ажиллагаа амжилттай хэрэгжиж буйг Обама онцлон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, цэргийн хүч хэрэглэснээр тус бүлэглэлийн давшилтыг зогсоолоо.

“Лалын улс”-ын хүчийг сулруулж, улмаар бүрэн устгахын тулд Ойрхи Дорнодын улсууд багтсан энэ эвслийг дэмжинэ гэж тэрбээр хэлэн, “Цаг хугацаа их орох ч бид амжилтад хүрнэ” гэсэн байна Террористуудтай тэмцэх төлөвлөгөөгөө дэмжихийг тэрбээр дараа нь конгрессын хоёр намдаа уриалжээ. Одоо, конгресст Бүгд Найрамдах нам олонх байгаа билээ.

Кубад авсан хориг арга хэмжээг цуцлахыг уриалав

Кубад авсан хориг арга хэмжээг зөөллөхийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уриаллаа. “Тавин жилийн хугацаанд бидний хийсэн ажил бүтэмж муутай байлаа. Тиймээс одоо, өөр шинэ зүйл хийх цаг болжээ” гэж Обама хэлээд, “Кубын талаарх манай бодлогод гарсан өөрчлөлт хоёр улс хоорондын харилцаан дахь үл итгэлцлийг байхгүй болгож чадна” гэжээ.

Хоёр улс хоорондын дипломат харилцаагаа хэвийн болгохоор зөвшилцсөнөө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Кубын Ерөнхийлөгч Раул Кастро нар өнгөрсөн сард зарласан билээ. Социалист хувьсгал гарсантай холбогдуулан 1961 онд Кубатай АНУ дипломат харилцаагаа тасалсан юм. Тэр цагаас хойш Кубатай АНУ зөрчилдөөнтэй байсаар ирсэн билээ. Кубад АНУ 50 гаруй жил эдийн засгийн хориг арга хэмжээ авсан хэвээр байна. Харин  өмнөх Ерөнхийлөгч Жорж Бушийн Кубыг барих бодлогыг Барак Обама эргэн харах замаар хориг арга хэмжээг зөөллөхөөр ажиллаж байгаа юм.

Г.Доржханд