sonin.mn

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Эдийн засгийн хямралтай үед цомхотголыг дээрээсээ эхлэх ёстой. Тиймээс дэд сайдуудыг цомхотгох нь зөв” гэсэн санал гаргасан ч олонхийн дэмжлэг хүлээж чадсангүй.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан “Хабрид” төрлийн бүх авто машины татварыг нэмэгдүүлэхгүй байх, одонтой ээжүүд, хүүхэд, жирэмсний болон хүүхдээ харж байгаа эхийн тэтгэмжийг хэвээр үлдээх нь зөв гэсэн саналыг гишүүдийн олонхи дэмжив. Мөн төсвийн тодотголд суулгасан автобензин, дизель түлшний онцгой албан татварын орлогыг 228 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, хүний орлогын албан татварын орлогыг долоон тэрбум 290 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Монгол судлалыг дэмжих зорилгоор БСШУ-ын сайдын багцад 300 сая төгрөгийг нэмж тусгах саналыг гишүүдийн олонхи дэмжсэн байна. Ийнхүү Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэнээр УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүлээ. УИХ-ын чуулганы хуралдаан 14.00 цагт эхэлнэ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: