sonin.mn

СӨҮЛ. /ITAR-TASS/. Cолонгосын автомашин үйлдвэрлэгч “Hyundai” компанийн цэвэр ашиг 2014 онд өмнөх жилийнхтэй харьцуулахад 14,9 хувиар буурч, 7,65 трлн вон буюу 7,05 тэрбум доллар болсон тухай тус компани мэдээлжээ.

Тус компанийн худалдаанаас орсон орлого 2,2 хувиар өсч, 89,26 трлн вон буюу 82,26 тэрбум орчим долларт хүрсэн бол үйл ажиллагааны ашиг 9,2 хувиар буурч 7,55 трлн вон буюу 6,96 тэрбум доллар болсон байна. Худалдааны орлого өссөн нь “Genesis” болон “Sonata” автомашины шинэ загварыг зах зээлд гаргасантай холбоотой аж. Гэхдээ воны чанга ханш болон валютын таагүй байдал тус компанийн орлогод сөргөөр нөлөөлжээ.

“Hyundai Motor” групп нь автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудаас дэлхийд тавдугаарт ордог байна. Өнгөрсөн онд тус компани 4,96 сая автомашин борлуулсан нь 2013 оны үзүүлэлтээс 4,8 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Энэ жил “Hyundai” компани 5,05 сая автомашин борлуулахаар төлөвлөж буйгийн 4,36 саяыг нь гадаадын зах зээлд гаргах ёстой байна.

Д.Жаргал

Эх сурвалж: