sonin.mn

ВАШИНГТОН. /Prensa Latina/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дарах ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарсан гэж АНУ болон түүний холбоотнууд мэдэгдлээ. Пүрэв гарагт Их Британийн нийслэл Лондон хотноо болсон сайд нарын түвшний уулзалтад 20 орчим улсын төлөөлөгчид оролцжээ. Тус бүлэглэлийг дарах зорилгоор АНУ-ын эхлүүлсэн агаараас цохилт өгөх ажиллагаанд 60 орчим улс нэгдсэний олонх нь Европ болон Ойрхи Дорнодын улсууд юм.

Ирак болон Сирид явуулж буй цэргийн ажиллагаанд нэлээд ахиц гарсан гэж АНУ тэргүүтэй энэ эвслийнхэн мэдэгдлээ. Гадаадын иргэд “Лалын улс”-д нэгдэж байгааг болон энэ бүлэглэлийг санхүүжүүлж буйг хэрхэн зогсоох арга замыг АНУ тэргүүтэй эвслийнхэн мөн хэлэлцжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “эвсэл агаараас 2000 орчим удаа цохилт өгч, “Лалын улс”-ын хэдэн мянган босогчийг устгасан” гэж хэллээ. Мөн тус бүлэглэлийн санхүүжилтийн эх үүсвэр болсон нефть боловсруулах 200 орчим үйлдвэр болон бусад байгууламжийг бөмбөгдөн нураажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: