sonin.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.27/ хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулав.

УИХ-аас “Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг 1995 онд, "Чөлөөт бүсийн тухай" хууль болон "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2002 онд, "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль болон "Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2003 онд тус тус батлан гаргаснаас хойш 10 гаруй жил өнгөрчээ.

Энэ хугацаанд чөлөөт бүсүүдийг байгуулах зорилгоор Чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тоог Засгийн газраас баталж, түүний хэвийн үйл ажиллагааг явуулахад Улсын төсвөөс 6.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн Улсын төсвөөс 31.7 тэрбум төгрөг, гадаадын хөнгөлөлттэй зээлээс 31.3 сая ам доллар тус тус зарцуулж, дэд бүтцийн зураг төсөв, төлөвлөлт, барилга байгууламжийн зарим ажлуудыг хийж байгаа боловч хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байгаа аж.

Түүнчлэн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт хийхээр гадаад дотоодын 86 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 3 аж ахуйн нэгж бодит хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэлээ хангасан  байна.  

Цаашид чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, худалдааны урсгалыг бий болгох, чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт, шинэчлэлт, чөлөөт бүсийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага болон манай улсын онцлог, эрх ашигт нийцүүлэн чөлөөт бүсийн хууль, эрхзүйн орчныг дахин өөрчлөх шаардлага гарч байна.

Төсөлд Чөлөөт бүсийг хэлбэрээр нь ангилсан заалтыг өөрчилж, чөлөөт бүсийг хилийн боомт болон Засгийн газрын санал болгосон тусгай бүс нутагт байгуулж хөгжүүлэх, хил дамнасан чөлөөт бүсийн эрх зүйн орчинг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Мөн Чөлөөт бүсэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд үл харшлах, олон улсын гэрээний тулгуур зарчим, шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, олон улсын банк санхүү, даатгал, төлбөрт таавар, бооцоот тоглоом, нийгэм, зах зээл, дэд бүтцийн бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болохоор тусгасан байна.

Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар хилийн боомтын бүсэд чөлөөт бүсийг түлхүү байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, чөлөөт бүсэд иргэний бараа солилцоо, худалдааны урсгалыг дэмжих, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тухайн бүсэд  үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний шинэ салбарыг хөгжүүлэх, татвар, гааль зэрэг тусгай дэглэмийн зохицуулалтаар хөрөнгө оруулагчдад таатай  орчин бүрдүүлэх, чөлөөт бүсийн дэд бүтэц, барилга байгууламжийг  төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар байгуулах,  улмаар бизнесийн таатай орчныг бий болгоход чухал алхам хийгдэх юм хэмээн хууль санаачлагчийн танилцуулгад дурдагдсан.

Танилцуулгатай холбогдуулан М.Зоригт, С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.