sonin.mn

Ойролцоогоор таамагласан нөөц нь 6.4 тэрбум тонн, үүнээс коксжих нүүрсний нөөц нь 1.8 сая тонн хэмээгдсэн Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хөрөнгө оруулагчаар тодорсон “Шинхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компаниудын түншлэлтэй Монгол Улсын Засгийн газрын хийж байгаа хэлэлцээр эхлээд 20 хонож байгаа ч нийт ажил нь 50 хувьтай явж байгааг Монголын талын ахлагч М.Энхсайхан сайд мэдэгдээд хоёрхон хонож байна.

М.Энхсайхан сайд анх­­наасаа л “Тэр­­бум ам.дол­­лараас илүү хөрөнгө оруулалт шаардсан төслийг мега төсөл гэж дэлхий нийтээр нэрлэж байгаа. Мега төслийн гол онцлог нь улстөр, эдийн засгийн бүлэглэлүүд өөрсдийн ашиг сонирхлоо тулган хүлээлгэх байдлаар хөндлөнгөөс оролцвол маш амархан хагаран унадаг” гэдгийг ам нээх болгондоо сануулсаар байгаа. Түүний тайлбарлаж байгаагаар бол мега төсөл амжилттай болбол баялаг нэмэгдэж, амжилтгүй болбол тухайн улс орны баялаг устан алга болж, ноцтой хохирол хүлээдэг нь нэгэнт тодорхой болоод байгаа. Товчхондоо асар өндөр үнээр босдог мега төсөл нь баялгийг бүтээгч хэрнээ цаад талдаа баялгийг устгагч байдаг юм байна.

Одоогоор дэлхий нийтэд мэдэгдэж байгаа нь мега төсөл санхүүгийн капиталыг устгаж сүйрүүлсэн нь илүүтэй байгаа гэнэ. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн 800 мега төслийн гуравны нэг нь амжилтад хүрч, гуравны хоёр нь нурж унасан гэж байгаа. Ийм л нэг эрсдэлтэй, тэгэхдээ нэг өндийгөөд ирвэл Монгол Улсыг сэвхийтэл нь өргөөд босоод ирж ч магадгүй Тавантолгой гэгч мега төслийг бид бүхэн амьсгаа даран харж сууна. М.Энхсайхан сайд 30 жилийн хугацаанд шууд болон шууд бус утгаар Монгол Улсад 94 тэрбум ам.долларын ашиг орж ирэх тухай ч ам алдсан. Байдал ийм л тодорхойгүй, хүлээлтийн байдалтай үед засагт хамтарсан УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Тавантолгойгоор тун осолтой популизм хийхээр эргэлт буцалтгүй шийдсэн бололтой юм.

Өнгөрсөн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өдөржин хуралдсан. үүдээр нь эргэлдэж, тэдний хурал ямар асуудлыг авч хэлэлцсэнийг сонирхсон сэтгүүлчид хаалттай хаалга мөргөөд буцацгаасан. Тэгвэл өчигдөр бүлгийн дарга С.Бямбацогт хурлынхаа талаар мэдээлэл хийхдээ “2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед эх орны хишиг, эрдэнийн хувь гэж ард иргэдэдээ Хүний хөгжлийн сангаас 1.5 сая төгрөг бэлэн мөнгөөр болон хувьцаа хэлбэрээр олгохоор болсон. үүнээс тодорхой иргэд 1072 хувьцааг Тавантолгойн орд газарт эзэмшихээр болсон. Гэвч үхмэл хөрөнгө байдалтай байгаа. Тийм учраас энэ удаагийн Засгийн газраас оруулж байгаа Тавантолгойн орд газарт эхний ээлжинд ард иргэддээ өгөөжтэй байх бодлого барья. Дараагийн ээлжинд төрд өгөөжтэй байх асуудлыг анхааръя гэж манай бүлэг үзлээ. Тиймээс гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Ард иргэддээ ил тод, парламентын хяналтад, өмнөх УИХ-ын тогтоолуудын хүрээнд хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэхээр анхаарна. Эхний ээлжинд 1072 хувьцааг амилуулж, иргэдээ өмчтэй, өмчөөсөө үр ашгаа хүртдэг байх бололцоо боломжийг олгох шаардлагыг гадна, дотнын компаниудад тавих ёстой гэсэн зарчмын байр суурь баримталж байна. Энэ талаар Ерөнхий сайдад албан бичиг явуулж, парламентын хяналтын дор, ард иргэддээ нээлттэй явуулахыг шаардна” гэсэн. Товчхондоо хэлэлцээр нь амжилттай болвол ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил нь эхэлж болзошгүй Тавантолгойн орд МАН-ынхны 2016 оны сонгуулийн гол зэвсэг, одоохондоо онилсон хамгийн боломжтой популизм болж эхэлж байгааг УИХ дахь МАН-ыг бүлгийн дарга шулуухан зарласан нь энэ юм.

Хуучнаар МАХН өнөөдрийн МАН хэзээнээсээ сонгуулийн өмнөх популизм хийж, үл гүйцэлдэх утопи амлалт өгсөөр ирсний балгийг өнөөдөр улсаараа үүрч яваа. 2008 оны сонгуулийн өмнө “Иргэн бүрт 1.5 сая төгрөг олгоно” хэмээн батламж тараагаад баахан бужигнуулсан. Түүний хор уршиг өнөөдөр ч бүрэн гүйцэд арилаагүй л байгаа. Өрсөлдөгчөөсөө дутахгүй гэсэндээ АН-ынхан ч зүгээр суухгүй “Эх орны хишиг” нэрээр сая төгрөгийн хувьцаа олгохоор амлачихсан. Нэгэнт ард түмэндээ амлачихсан болохоор эхний хоёр жил 50-70 мянгаар нь цувуулж өгч үзээд бүр сүүлдээ үнэнд гүйцэгдэж сар сард нь нэг юм олгохчоон болж хөглөсөн түүхийг мартсан хүн байхгүй. Тун удалгүй бэлэн мөнгө тараах чадваргүй болж иргэн бүрт Тавантолгойгоос 536 ширхэг хувьцаа олгох юм болж, иргэн бүрийн дансанд хийнэ ч гэл үү, юутай ч брокер диллерийн компанид данс нээлгэхийг сурталчилж баахан пижигнүүлсэн. Эцэстээ “Ичсэн хүн хүн ална” гэгчээр Оюутолгой, “Чалко” гээд мөнгө зээлж болмоор наашаа харсан болгоноос бадар барьж, амлалтаа биелүүлэхээр тараагаад цацчихсан өрөө өнөөдөр ч төлж чадаагүй л сууцгааж байгаа. Монголын улстөрчид, улстөрийн намууд өнгөрсөн хугацаанд иймэрхүү л популизм хийцгээж ирсэн.

Тэрхүү амлалт, сонгууль угтсан популизм нь арай нэг намжмар аядаж байсан чинь М.Энхсайхан сайдын байнга анхааруулсаар байгаа Тавантолгой төсөл рүү чулуу шидэж хагалахаар шийдсэн бололтой. үнэндээ Тавантолгойн хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газар тун хатуухан болзол тавьсан юм билээ.Тэдгээр нь “Хөрөнгө оруулалтаа хий, 2.5 жилийн хугацаанд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуул, 270 км төмөр зам тавь, “Эрдэнэс Тавантолгой”-н “Чалко”-д төлөх ёстой 110 сая орчим ам.долларын өр зээлийг төлж барагдуул” гэсэн маш хатуу шаардлагууд байгаа.

Хэзээ ч хагарчихаж болзошгүй тун эмзэг хэрнээ дэлхийн хэмжээний Тавантолгойн мега төслийн гэрээ дөнгөж талдаа орж явахад МАН ийнхүү тулган шаардаж эхэллээ. Хамгийн гол нь 1072 хувьцаагаа “чулуу” болгочихыг тун их хүсч байгаа ард түмний ашиг сонирхол дээр дөрөөлөн улстөрийн ээлжит популизмаа эхлэх гэж байгаа нь тун хорлонтой юм. МАН-ынхны монголчууд эх орныхоо байгалийн баялагт эзэн болж, 1072 хувьцааны ногдол ашгийг аж амьдралдаа зориулах ёстой гэсэн үзэл баримтлалыг бүхэлд нь буруутгахыг хүссэнгүй. Харин энэ эмзэг гэрээ хаашаа ч эргэж болзошгүй үед ийнхүү популизм хийх цаг нь биш гэдгийг л хэлэх ёстой. Ядаж хоёр сар тэвчиж болсонгүй юу.

Эх сурвалж: