sonin.mn

Төрийн мөнх орших талаар түүхэн гавьяат хүмүүсийн захиж үлдээсэн үгс цөөнгүй. Их эзэн Чингис хаан “Алд бие минь алжаавал алжаатугай, Ахуй төр минь бүү алжаатугай" хэмээн зарлигдсан бол Манжын дарлалын эсрэг цогтой тэмцэгч Хотгойдын шадар ван Чингүнжав нэгэнтээ “Төр үр хоёр минь мөнх оршиг” хэмээн өгүүлсэн байдаг.

Тэгэхээр төр гэдэг бол жирийн иргэн биднээс эхлээд эрхэм төрийн түшээдийн маань эрхэмлэн дээдэлж явбал зохих ариун шүтээн болсон зүйл ажээ. Өндөр настай хүмүүс ямар нэгэн юм болоход “Ээ төрийн минь сүлд өршөө” хэмээн уулга алдан залбирч суудаг. Тэгэхээр төр гэдэг маань амьтай, бас шүншигтэй зүйл бололтой юм. Төрд хүн ажилладаг, удирдан жолоодож явдаг болохоор арга ч үгүй биз ээ.

Гэтэл өнөөдөр төрийн минь хол ойрын хараа хоёулаа муудаж, харалган болох тал руугаа л яваад байх шиг. Эрхэм төрийн түшээд маань алсыг харсан мэргэн шийдвэр гаргах нь нэг л цөөрөөд байх шиг. Төрийн хар хайрцагны бодлого гэх зүйл үндсэндээ үгүй болчихсон юм уу даа. “Онгоцонд нэг хар хайрцаг байдаг шиг төрд бас нэг хар хайрцаг бий” гэлцдэг.

Энэ хар хайрцаг нь байгаа юм болов уу? Намууд ч үзэл баримтлалын хувьд тодорхой бус болж, гагцхүү төрийн эрх мэдлийг гартаа атгахын төлөөх тэмцлийн бүлэглэл болж хувираад байна. Томчуудын хүүхдүуд яам агентлагийн нэр дээр сургууль төгссөн ч тэндээ ажилладаггүй. Сүүлийн 20 гаруй жил хичнээн ч Засгийн газар солигдов доо.
Солигдох бүртээ яам, агентлагын бүтцийг өөрчилж байлаа. Салангид байсан хяналтын байгууллагуудыг нэгтгэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж данхайсан бүтэцтэй байгууллагыг бий болгосон. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийг баахан шалгаж дарамталсан хөл толгой нь мэдэгдэхгүй байгууллага байх. Эрх барьж буй улс төрийн хүчин солигдох юм уу Засгийн газар солигдоход л баахан халаа сэлгээ болно.

Дарга нь улстөрийн томилгоогоор сонгогдож, дөнгөж ажлаа гадарлах төдий болж байсан хэлтэс, албадын дарга, байцаагч нарыг ажлаас нь халаад л оронд нь юу ч мэдэхгүй баагийг тавьчихна. Энэ бол төрийн залгамж чанар алдагдах эхний шалтгаан юм. Төрийн албан хаагчдын залгамж халааг бэлдэж байгаа нэрээр томоохон яам, агентлагийн нэр дээр ойрын 5-8 жилийн хугацаанд хэдэн зуун хүүхэд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургуульд явсан байдаг.

Эдгээр хүүхдүүдийн байр, унаа, сургалтын төлбөр гээд нэг хүүхэд дээр л гэхэд жилд хэдэн арван саяар нь тухайн яам, агентлагаас мөнгө гаргаж байсан баримт байдаг. Гайхалтай нь эдгээр хүмүүс бүгдээрээ томчуудын хүүхдүүд, эсвэл хамаатан садан байсныг овог нэр нь тодорхой харуулна. Яам агентлагийн нэр дээр сургууль төгссөн өнөөх баян айлын эрх танхи хүүхдүүд сургууль төгсч ирээд өнөөх яам агентлагтаа ч ажилласан юмгүй гэр бүлийн бизнесээ өвлөөд, ашиг хонжоогоо бодоод явах жишээтэй. Төрийн залгамж чанар, хар хайрцагний бодлого нэг иймэрхүү байдлаар л хэрэгжээд байх шиг ээ.

Төрийн хар хүн төрд гарах цаг болжээ

1920-иод оноос өмнө бичиг үсэг тайлагдаагүй, сахил санаваар хүртээгүй эхнэр авч, мал маллан амьдарч буй эр хүнийг төрийн хар хүн гэдэг байжээ. Төрийн хар хүн толгойныхоо ард тав гэзэг ургуулдаг, мал муулж ан гөрөө хийдэг, аян дайнд явдаг байжээ. Арга ч үгүй. Монголчуудын тал нь лам байсан болохоор төрийн их ажил төрийн хар хүмүүсийн толгой дээр л тунадаг байж таараа.

Ямар лам нарыг мал муулуулж, дайнд явуулалтай биш. Тэгэхээр төр гэдэг эгэл жирийн ард түмний нуруун дээр л тогтдог, түүнийг нь төрийн эрхэм түшээд зөв тийш нь залж чигглүүлэх үүргийг хүлээдэг бус уу. Гэтэл зөв тийш нь залж чиглүүлэх үүрэгтэй эрхэм түшээд өөрийн хүүхдээ төрийн хүн болгох нэрийдлээр төрийн нэр дээр сургуульд явуулаад, төгсөж ирэхэд нь хувийн компанидаа ажиллуулж болно гэж үү?

Өнөөдөр цэргийн бүртгэлд бүртгүүлдэг, түгшүүртэй цаг ирвэл буу мөрөвчлөөд дайсны өөдөөс алхах чадвартай, хувийн хэвшил, төрийн байгууллагад ажиллан эгэл бор амьдралыг нуруундаа үүрэн толгой гудайлгүй алхаж яваа төрийн хар хүмүүс монголоор дүүрэн байна. Тэдний хүүхэд яам агентлагийн нэр дээр гадаадад сургуульд явсан бол эргэж ирээд тэр яам агентлагтаа л монгол төрийн залгамж халаа болон тогтвор суурьшилтай ажиллах сан.

Ер нь эгэл жирийн төрийн хар хүмүүс төрд гарах цаг болжээ. Бид 20 гаруй жил төрийг цөөн хэдэн хүний нүүрээр төсөөлсөөр бүр танил болчихож. Улс төрийг хувьчлаад авчихсан юм шиг дандаа л гарч байдаг хэдэн нөхдүүд өөрсдийн эрх ашигаа тэргүүн зэрэгт тавьж, ард түмнийг уландаа гишгэсээр удлаа. Эгэл жирийн би ч та ч төрийн түшээ болох эрх нь Үндсэн хуулиар нээлттэй. Тиймээс төрийн хар хүн та төрд гарахын төлөө нэг үзээд алдахад гэмгүй бус уу.

Эрхэм тушээд ур хуухэддээ сэнтийгээ улдээх нь залгамж чанар уу

Төрийн залгамж чанар гэхээр эрхэм төрийн түшээд маань төрийн түшээгийн суудлаа үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх явдал гэж андуурч ойлгоод байх шиг хачин дүр зураг ч харагдах л юм. Өнгөрсөн сонгуулиудаар УИХ-ын гишүүн асан Содхүү, Бадамдамдин, Батж. Батбаяр нарын хүүхдүүд нэр дэвшиж байлаа. Мэдээж улс төрийн хашир туршлагатай аавууд нь дээлийнх нь захыг тасартал мушгиж суусан байлгүй.

УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн гэрээс ёсоор түүний эхнэр УИХ-ын гишүүн асан Н.Туяа хүү О.Содбилэгийгээ УИХ-ын гишүүн болгоход бас л чамгүй хүч хөдөлмөр зарсан биз. Энэ мэтчилэн тоочоод байвал хаан ширээгээ үр хүүхэддээ шилжүүлэх мэт жишээг олныг дурдаж болох юм. Хойт солонгосын төрийг нэг гэр бүл гурван үеэрээ барьж байгаатай л адилхан юм уу даа. Энэ арай монгол төрийн залгамж чанар биш байх.

Алтан ургийн удмын хаад төр барьсаар олон зууныг үдсэн ч эрдэм боловсролтой, буурь суурьтай, олноос онцлогдож, түмнээс сонгогдсон эрхэмүүд төрийн хэргийг эрхлэн явуулах болсоор бас чамгүй хугацаа өнгөрсөн байна.

Төр, үр хоёр маань цэвэр байг

"Гартаа цустай, тархиндаа устай хүн төр барьдаггүй” юм хэмээн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэгэнтээ “Тамгаггүй төр” жүжигтээ өгүүлсэн байдаг. Төр гэдэг үгний жинхэнэ мөн чанар, төр барихын нарийн ухааныг жинхэнэ утгаар нь харуулсан энэ эмгэнэлт жүжгийг драмын театрын тайзнаа тавигдвал эрхэм төрийн түшээд очоод нэг үзчихэд гэмгүй сэн.

Өнөөдөр төр гэдэг энэ ариун нэр бузартаж, төрийн төмөр нүүр” “төрийн бөөс”, 'Төрд гарсан луйварчид”, “төрөөс төрсөн тэрбумтанууд”, “ялзарсан төр”, “төрийн албаны хүнд суртал” гэх мэт ёс бусаар хэлэгдэх болов. Яагаад ингэх болсон шалтгаан нь тун энгийн. Өнөөх гартаа цустай, тархиндаа устай хүмүүс төрд дүүрэн шургалсанаас тэр. Төрийн мөнгөөр тансаглагчид, төрийн нэрээр амин хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэгчид, өс хонзонгоо авагчид төрд дүүрчээ.

Харин төрийн залгамж халаа, хар хайрцагний бодлого, төр мөнх оршихын талаар бодож байгаа хүн байна уу, үгүй юу. Нэг жишээ татья. Цөмийн энергийн газар гэж бүхэл бүтэн агентлагийг татан буулгасан нь саяхан. Одоо зөвхөн цөмийн энергийн зөвлөл гээд хэдхэн хүний бүрэлхүүнтэй байгууллага л буурин дээр нь үлдэж. Магадгүй монголын ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр болох энэ ирээдүйтэй салбарыг цааш нь авч явж чадаагүйг харалган төрийн алсын хараагүйнх гэлтэй.

 Уг нь энэ салбарт манайх чамгүй боловсон хүчинтэй, Нобелийн шагнал авсан лут баг хүртэл энэ салбарын монгол эрдэмтэн байсан юмсан. Социализмийн үед өсхөн яамтай, болоод л байсан гэлцдэг. Гэтэл 17 яамтай болов. Яаманд суугаа монцгор мэргэжилтнүүдийн ажпын бүтээмж тун маруухан юм аа. Цаг хараад, компьютераа ухаад л суух юм, хөөрхийс. Бурхан тэднээс нөгөө ертөнцөд очиход нь дэлхий дээр юу бүтээсэн вэ гэж асуувал юу гэж хариулна даа.

Ц.Мөнх
Эх сурвалж: "Нийслэл таймс"