sonin.mn

Монголд Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцогч анхны 13-ийн нэг Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн С.Амарсанаатай ярилцлаа.

-Та бүхний эхлүүсэн Ардчилсан хувьсгал 25 нас хүрчээ. Өнөөдөр эргээд харахад юу дутуу байна гэдгээс яриагаа эхэлмээр байна?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдөр Монголын Ардчилсан хувьсгал 25 жилийнхээ ойд хүрсэн. Ардчилсан хувьсгал маань 1989 оны арванхоёрдугаар сарын 10 нд эхлээд эхний зорилгодоо цагаан морин жил буюу 1990 оны гуравдугаар сарын 9-нд хүрсэн юм. Бид тэмцлийнхээ үр дүнд төрийн эрх барих байгууллагын эрхийг тайван замаар унагаж шинэ засаг бий болгох нөхцлийг бүрдүүлсэн. Тэр цагаас хойш 25 жил өнгөрчээ. Бидний анхны цуглаан дээрээ дэвшүүлсэн улстөрийн 13 зорилго бол үндсэндээ амьдралд биелэлээ олсон гэж бодож байна. Гэхдээ үүнийг би ямар утгаар нь хэлж байна гэхээр ямар ч байсан Үндсэн хуульд тусгалаа олсон. Харин амьдралд хэрэгжиж байгаа талаас хэлэх юм бол зарим нэг нь тунхаглалын чанартай байна. Тэгэхээр амьдралд бүгд бүрэн төгс баталгаатай хэрэгжиж амжаагүй байна гэсэн үг.

-Амьдралд хэрэгжүүлэхийн тулд одоо юу хийх ёстой гэж?

-Бидний 25 жилийн өмнө дэвшүүлэн тавьсан улстөрийн 13 шаардлагын хамгийн эхнийх нь олон намын системтэй болох тухай байсан. Энэ өнөөдөр хэрэгжээд явж байна. Хоёр дахь чухал асуудал бол Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг амьдралд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Гэхдээ эдгээр нь бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Хүн бүр тэгш эрхтэй. Хүн өөрийгөө хуулиар хамгаалуулах эрхтэй. Халдашгүй дархан байх гэх мэтээр энд бүгдийг нь Хүнийрэхийн түгээмэл тунхаглалд заачихсан байгаа. Гэтэл энэ эрхээ эдэлж байнаа гээд бусдыг даарч доромжлох, хүнийг ялгаварлан гадуурхах, арьс өнгө, угсаа гарал, шашин шүтлэг болон улстөрийн үзэл бодол зэргээр ялгаварлан гадуурхана гэдэг бол ардчилсан хувьсгалынхаа үнэт зүйлс, зарчмыг зөрчиж байна гэсэн үг. Ийм хандлага хааяа мэдрэгддэг.

-Одоо та юу хийж байна?

-Чөлөөт уран бүтээлч. Нэг хэсэг бие жаахан чилээрхсэн. Тэгээд Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцсон журмын нөхөд болох Еренхийлөгч Ц.Элбэгдорж, хотын дарга Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, нийслэлийн орлогч Н.Гантөмөр, н.Билэгт, Ц.Энхтүвшин нартай талархаж байгаагаа хэлмээр байна.

-Та сэтгүүлч мэргэжилтэй. Саяхан хэвлэл мэдээллийн ёсзүйн зөвлөл гэж байгуулагдлаа. Өнөөдөр монголд хэвлэлийн эрх чөлөө ямар байна вэ?

-Ардчилсан хувьсгалын нэг үндсэн шаардлага бол хэвлэлийн эрх чөлөөг бодитой болгох явдал байсан. Энэ бол хүний үг хэлэх, үзэл бодлоо эрх чөлөөг хэвлэн нийтлэх зарчмаар амьдралд хэрэгжүүлж байгаа хэрэг. Өнөөдөр ямар ч байсан хэвлэлийн эрх чөлөө бодитой болсон. Үүнийг Үндсэн хуулиараа баталж тунхагласан. Түүнээс биш яг баталгаажсан гэж хэлж чадахгүй. Олон улсын байгууллагуудын дүгнэлтээр монгол хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд ордог. Монголд өнөөдөр үйл ажиллагаа явлууж байгаа хэвлэл мэдээллийн энэ олон хэрэгсэл бүгд нийлээд хэвлэлийн эрх чөлөөг хагас байдлаар хэрэгжүүлж байна гэсэн үг.

Мэдээж үүнд дутагдалтай зүйл олон байгаа. Тухайлбал, өнөөдөр хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглалын хэмжээнд хүрч чадаагүй байна. Уг нь бол дөрөв дэх засаглал байх ёстой. Яагаад засаглал байх ёстой вэ гэхээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн нөгөө гурвынхаа үйл ажиллагааг хянаж байх ёстой юм. Гэтэл энэ үүргээ хүссэн хэмжээнд биелүүлж чадахгүй л байна. Ийм учраас манайд авлига, хээ хахууль газар авсан хэвээр байгаа. Энэ талаар тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарч байгаа ч гэсэн хүссэн хэмжээнд хүрэхгүй байна гэж хардаг.

Энэ их олон шалтгаантай. Миний бодлоор нэгдүгээрт санхүүгийн бие даасан байдал нөлөөлнө. Ер нь хэвлэл мэдээллийн хэргслүүд санхүүгийн хувьд бие даасан байж чадаагүй нөхцөлд хэвлэлийн эрх чөлөө бүрэн хэмжээгээр хэрэгждэггүй. Үүнийг Английн хэвлэлийн түүхээс харж байхад анхны сонины эрхлэгч нар нь хэлсэн байдаг юм билээ.

Редакцийн бие даасан байдал гэдэг чинь санхүүгийн хувьд хараат бус байж хэрэгждэг юм аа гэж. Тэгэхээр манайд тийм нөхцөл бүрдэх хараахан болоогүй байна. Уг нь манай хэвлэлийн зах зээл их жижигхэн. Тэгсэн хэрнээ маш олон сонин, радио, телевиз сайт энэ зах зээлд өрсөлдөж байна. Сүүлийн үед бүр аль суваг үзэж байгаагаа ч мэдэхээ байлаа. Нөгөө талаар мөнгөтэй хүмүүс хэвлэлийнхний амыг хаачихаж байна. Хүмүүсийн яриад байгаа хаалтын гэрээ гэж нэг муухай юм гараад ирж.

Гэхдээ маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа учир яаж хийгээд нууж дарсан юмыг нь ил гаргаад ирж байна. Тэгэхээр олон байгаагийн нэг давуу тал нөгөө тэр хаалтын гэрээг саармагжуулж байгаа юм. Өнөөдөр манайд эрэн сурвалжлах сэтгүүлзүй сайн хөгжөөгүй байна. Миний үеийн сэтгүүлчид бол үндсэндээ үүргээ гүйцэтгэсэн. Нэг хэсэг нь чөлөөт хэвлэлийн үндэс суурийг тавьж бүхнийг эхлүүлээд өгсөн шүү дээ. Одоо жам ёсоороо сэтгүүлчдийн залуу үе нь бидний ажлыг цааш нь үргэлжлүүлээд аваад явна.

Тэгэхээр эрэн сурвалжлах сэтгүүл зүй шаардлагын түвшинд хөгжөөгүй байна. Яагаад гэхээр сэтгүүлчийг айлгах, заналхийлэх, мөнгөөр худалдаж авах зэрэг үйл ажилпагаа их байна. Ялангуяа редакцийн удирдлага нь ингэж бичиж болохгүй гэх мэтээр сэтгүүлчдээ нөлөөлөх хандлага өнөөдөр манайд байсаар байна. Ер нь эрэн сурвалжлах сэтгүүлзүй сайн хөнжих юм бол хэвлэлийн эрх чөлөөг бодитой байлгахад том түлхэц болно. Өрсөлдөөн ширүүсээд ирэхээр энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо ч буурах байх гэж би боддог.

-Техникийн дэвшлийг ашиглаад фэйсбүүк, твиттер гээд цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх нь их болжээ. Гэтэл хүний үг хэлэх эрх чөлөөг зарим албан тушаалтнууд хорих зүйл ажиглагдаж байна. Бүр шүүх цахим орон зайг мэдээллийн хэрэгсэл гэж үзээд байх шиг?

-Сайтууд бол шинээр бий болсон мэдээллийн хэрэгсэл. Харин фэйсбүүк, твиттер бол тухайн хүний үзэл бодлоо илэрхийлэх орон зай юм. Түүнээс олон нийтийн
 мэдээллийн хэрэгсэл гэж үзэх боломжгүй. Олон улсын жишгээр ч гэсэн ингэж үзэх болоогүй. Энэ бол техник технологийн дэвлийг ашиглаад хүний үзэл бодлоо илэрхийлэх хэлбэр.

-Гэтэл энэ үзэл бодлоо илэрхийлсний төлөө шүүх хариуцлага тооцоод байна шүү дээ?

-Шүүх эрх мэдэл чинь өөрийн онцлогтой. Хэн нэгэн хүн миний эрх зөрчигдлөө, намайг гүтгэлээ гээд шүүхэд гомдол гаргах юм бол түүнийг хүлээж аваад тэр дагуу нь шалгах, хянах ажиллагаа явуулдаг байгууллага. Өөрийгөө хохирогч гэж үзэж байгаа хүний гомдлоор шалгах үйл явц болоход хуулинд нь нөгөө үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг шийтгэх заалт байгаа юм.

Үүнийг ашиглаад л нөгөө хохирогч гээд байгаа нөхөр бусдын үгээ хэлэх эрхийг хааж боогдуулж байна. Гэхдээ ийм үйлдлийг ямар хүмүүс гаргаж байна гэхээр маш тодорхой байгаа шүү дээ. Энэ бол ардчилсан нийгэмд ерөөсөө байж болохгүй үйлдэл. Хүний үгээ хэлэх эрх чөлөөг шууд хааж байгаа үйлдлээс гадна бусад хүмүүсийг дэмий шүү, олон юм ярих юм бол хорино, шийтгэнэ гэж анхааруулж байгаа нэг хэлбэр юм. Тэгэхээр энэ талаар улстөрчид судалж хуулинд тодорхой өөрчлөлт оруулахаар санаачилж байгаа юм билээ.

Хэрэв улстөрч хүн энэ салбарт амжилт ольё гэж байгаа бол энэ мэт ялихгүй юмаар хөөцөлдөж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө хэрүүл хийгээд шүүх цагдаа болоод байх хэрэггүй л дээ. Энэ үйлдэл нь өөрт хортой бөгөөд тухайн хүний улстөрийн карьер дуусдаг юм. Тэр нэг сайдтай холбоотой асуудалд зүгээр л үзэл бодлоо хэлсэн болохоос маш олон хүнд баримтаар тараагаад хохирогч гээд байгаа хүнийг сүртэй хорлосон зүйл байхгүй.

Харин шүүх гэхийнхээ оронд тухайн асуудалд шаардлагатай мэдээллийг нь гаргаад л тавиад хариу тайлбар хийхэд л болоо шүү дээ. Ер нь бол үзэл бодлоо илэрхийлснээрээ мэтгэлцээнд л урьж байгаа хэлбэр юм. Гэтэл одоо байгаа хоцрогдсон хуулийн заалтаар шийтгэнэ гэдэг утгагүй бөгөөд хүмүүсийг айлгаж байгаа үйлдэл. Ингэснээрээ хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх чухал эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг. Үүнтэй бол сэтгүүлчид маш хатуу тэмцэх хэрэгтэй.

-Бидний яриа улстөр рүү орчихлоо. Та өнөөдрийг төрийн бодлогын талаар ямар бодолтой байна. Зарим нэг нь засаглалын хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй гээд ч дуугарч байх шиг?

-Бид ардчилсан хувьсгалын хийхдээ маш богино хугацаанд бүх юмыг сайхан болгоё гэж их юмыг хүлээж байсан. Тэр үед залуу ч байж. Одоо 25 жилийн дараа харахад бидний зорилго бүрэн хэрэгжих болоогүй байна. Нэг талаас үүнд иргэдийн оролцоо маш чухал байдаг юм байна. Ер нь аливаа юмыг зүгээр суугаад мөрөөдөөд байвал бутэхгүй шүү дээ. Түүнтэй адил ямар нэгэн үйлдэл хийж тэмцэх хэрэгтэй. Одоо энэ улстөрийн тогтолцоонд шинэчлэл хийх цаг болсон гэж харж байна.

Өнгөрсөн 25 жилийн түүхийг харахад бидэнд том амжилтууд байна. Гэхдээ бидний хүссэн хэмжээнд хүрээгүй л байна. Миний бодлоор олон намын тогголцоондоо шинэчлэл хийх хэрэгтэй л гэж хараад байгаа юм. Би Ардчилсан намын хүн л дээ. Өнөөдрийн нам дотор байгаа маш их олон хэрүүл маргаан, тэмцлийн үндсэн шалтгаан бол намуудын зохион байгуулалт, бүтэц, дүрэм, санхүүжилт гээд энэ бүх юмыг дахин шинэчлэх ёстой болжээ.

Өнгөрсөн хугацааны турш манай нам дотор гарч ирсэн хагарал, фракцийн тэмцлүүд зэргийг хараад намуудын тухай хуулиа цаг үеийнхээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал, намууд хатуу гишүүнчлэлтэй байна гэдэг тогтолцооноосоо татгалзах ёстой гэж үзэж байгаа. Дараа нь намуудын санхүүжилтийг тодорхой болгох. Санхүүжилт нь тодорхой биш учраас л мөнгөтэй хүн нам дотор албан тушаал авдаг үзэгдэл газар авлаа.

Энэ чинь бидний нөгөө Ардчилсан хувьсгалын шударга байх гэдэг зарчимтай нийцэхгүй байгаа юм. Нэг ёсондоо албан тушаалыг бараа болгочихож байгаа хэрэг. Зүгээр л мөнгөтэй хүн дэлгүүрт ороод бараа авч байгаатай адилхан. Тэгэхээр энэ байдал бол тухайн хүн ямар үзэл бодолтой байх чухал биш болоод байна. Тийм учраас намуудын тухай хуулиндаа гишүүнчлэл болоод санхүүжилтын асуудлыг маш тодорхой зааж өгөөд төрөөс ч гэсэн дорвитой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Түүнээс гадна намуудын бүтэц зохион байгуулалтыг тойргоор шийдэх. Би хувьдаа нэг намд олон фракц байхыг өнөөдөртөө зохимжгүй юм байна гэж хардаг. Хэн ч гэсэн нам байгуулаад явах боломжтой шүү дээ. Манай намын нэгдмэл биш байгаа энэ үзэгдэл нь фракциуд нь Ардчилсам нам гэдэг "том" нэрээр халхавч хийгээд засгийн эрх мэдлийн төлөө бүлэг бүлгээрээ тэмцэхээр чинь нөгөө намынхаа үзэл санаа, мөрийн хөтөлбөр, зорилго зэргээ нураачихаж байгаа юм.

Өнөөдрийн энэ Засгийн газраа сөрөг хүчинтэйгээ нийлээд унагадаг энэ байдал бол миний хувьд үнэхээр харамсалтай алдаа. Өмнөх алдаагаа давтаад байгаад үнэхээр бухимдалтай ханддаг.

-Танай нам ер нь дүрмээ биелүүлдэггүй шүү дээ. Намын дүрмэндээ өөрийнхөө Засгийн газрыг унагавал намаас хасна гээд байгаа биз дээ. Гэтэл оны өмнө болсон ҮЗХ-ны хурал юу болов. Ийм тодорхой юмыг яагаад ил гараад хэлэхгүй байгаа юм бэ?

-Үнэхээр тийм. Энэ бол манай нам бүлэглэлд хуваагдсан байгаа гэдгийг хэлээд байгаа юм. Тэр бүлэглэлийн дээд талд нэг мөнгөтэй хүн сууж байдаг. Тэр нь дээгүүрээ тохироо хийгээд бусдынхаа амыг хаачихдаг байхгүй юу. Та нар дуугүй байж бай, тэдэн хувийн санал суудал авна. Бид нар энд, тэр яаманд ийм албан тушаал авах гээд ярьж байна гээд нөгөө хүмүүсийнхээ амыг таглачихдаг.

Манай намын ҮЗХ ямар ч эрх чөлөөгүй байгууллага гэдэг нь өнгөрсөн оны тэр хурлаар харагдсан. Нөгөөтэйгүүр намын дүрмээ уландаа гишгэдэг бүтэц болчихож. Нэгэнт олон намын тогтолцоотой ийм нөхцөлд намуудын хооронд өрсөлдөөн явагддаг. Ийм нөхцөлд аль ард түмний амьдралыг дээшлүүлэх мөрийн хөтөлбөртэй байна гэдгээрээ сонгуулиар олонхи болоод төрий эрх барина.

Тухайн нам хэр амжилттай, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чадвартай байна гэдэг чинь намын дотоод тогтвортой байдал, дүрмээ хэр биелүүлж байгаа, сахилга баттай байх зэргээс шатлгаална. Хэрэв тухайн нам өөрийнхөө дүрмийг уландаа гишгээд дотооддоо хагаралтай байна гэдэг бол өрсөлдөгч намдаа өгөөш болж байгаа л хэрэг шүү дээ. Энэ ердөө л өрсөлдөөний зарчим шүү дээ. Гэтэл манай нам дүрмээ хэрэгжүүлэх гэхээр урдаас утгагүй аргумент хэлээд байгаа юм.

Тэр нь дүрмээрээ “намаа хасна” гэсэн зааллтай байхад чинь “хасна” гэдэг бол коммунист арга барил гээд байгаа юм. Гэтэл тэр хэлээд байгаа нь нэг намын системтэй үед байсан арга хэлбэрээр сэтгээд байх жишээтэй. Тэр үед бол цэргийн зохион байгуулалттай ганцхан л нам байсан. Харин өнөөдөр бол өөр. Үнэхээр энэ намын дүрмийг биелүүлээд итгэл үнэмшил, үзэл бодлоороо байгаа бол дүрмээ л биелүүлэх хэрэгтэй шүү дээ.

Дүрмээрээ намаа хаслаа гээд нэг намын системтэй үед байсан шиг тэр хүний ажил, амьдрал сүйрнэ гэж байхгүй. Харин ч дүрмээ биелүүлээгүй үйлдэл гаргаснаараа намынхаа хувь заяаг хорлож байгаа хэрэг биз дээ.

-Тэгэхээр бизнесийнхнийг улс төр рүү оруулах хэрэггүй юм биш үү. Тэд үйлдвэрлэлээ явуулаад улс орныхоо хөгжилд бүтээн байгуулалт хийж хувь нэмрээ оруулаг л дээ?

-Бизнесийнхэн аргагүй эрхэнд улстөр рүү ороод байдаг гэсэн зүйл надад харагддаг. Яагаад гэхээр бизнес явуулах таатай орчин бүрдээгүй байна. Бүх зүйл дээр саадтай тулгардаг. Тийм учраас заавал хэн нэгнээ улстөрд оруулах гэсэн сонирхол бий болсон байна. Тэгээд түүгээрээ да мжуулаа д мэдээлэл авдаг ийм муухай орчин бий болжээ. Энэ бол төрийн байгууллагуудын мэдээлэл өгдөггүйтэй бас холбоотой.

Тэгэхээр үүнийг өөрчлөх оролдлого хийсэн нь Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны хууль. Энэ бол манай улсад ил тод байдлыг бий болгох маш том алхам гэж харжбайна. Одоо хуулиа маш сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Манайд ардчилсан зарчим хэрэгжихгүй байгаа бас нэг зүйл бол хуулиа дээдлэх ёс байна.

О.Ууганжаргал
Эх сурвалж: "Нийслэл таймс"