sonin.mn

Судлаач, эдийн засагч Х.Батсуурьтай Эдийн засгийн өршөөлийн хуулийн талаар ярилцлаа.

-УИХ-аар Татварын өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж байгаа. Хуулийн төслийг эдийн засагчийн хувьд юу гэж харж байна вэ?

-Үүнийг Эдийн засгийн өршөөлийн хууль ч гэж нэрлээд байгаа юм. Нэршлийн хувьд өөр хэдий ч агуулгаараа яг ижил. Энэ хуулийг хэрэгжүүлсэн бусад орны туршлагыг харахад эдийн засаг хүндэрсэн болоод энгийн үед орлогоо нэмэгдүүлэх гэж хэрэгжүүлсэн байдаг. Үүгээр тодорхой хугацаанд татвараас зайлсхийсэн хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлээд татварыг эргэн төлүүлэх боломжийг нээдэг. Өршөөл гэдэг нь чухам юунд оршиж байдаг вэ гэхээр ямар нэгэн алдагдал тооцохгүй, гэмт хэргийн заалт байгаа бол түүнээс чөлөөлдөг.

Тодруулбал, хуулийн ямар нэгэн хариуцлага ногдуулахгүй гэсэн үг. Харин төлөх ёстой татварыг бүгдийг нь төлүүлэхгүй гэж буруу ойлгож болохгүй. Тийм жишээ ч байхгүй. Учир нь, олон улсын жишиг өөрөө ийм. Хамгийн наад зах нь хойд хөршийг аваад үзэхэд хамгийн сүүлд Татварын өршөөлийн тухай хууль гаргаж, 125 сая ам.долларын орлого орж ирсэн.

Уг нь хоёр их наяд ам.долларын эдийн засагтай улс шүү дээ. Энэ мэтээс харахад энэ төрлийн хууль ямар нэгэн эерэг үр дүн өгдөггүй нь ажиглагдаж байгаа юм. Тэгээд ч орлого олохын тулд өршөөлийн хууль гаргадаг болохоос багасгах гэж хэрэгжүүлдэггүй.

-УИХ-д өргөн бариад байгаа хуулиар бүх татвараас нь чөлөөлж, өршөөл үзүүлнэ гээд байгаа шүү дээ.

-Харин манай улс дэлхийн хаана ч байгаагүй хуулийг хэрэгжүүлэх гээд байгааг би гайхаж байна. Учир юу гэхээр бүх татварыг төлүүлэхгүй, бүгдийг нь нэг шугамнаас зэрэг эхлүүлнэ гээд байгаа юм. Энэ бол том алдаа. Үүнээс гадна Татварын өршөөлийн тухай хуулийг ойрхон хугацаанд явуулах нь эрсдэлтэй гэдэг нь харагдаж байгаа. Манай улс өмнө нь 2007 оны сүүлээр энэ хуулийг батлаад 2008 оны нэгдүгээр сараас хагас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Гэтэл долоон жилийн дараа дахин энэ хуулийг оруулаад ирлээ.

Б.Лхагважав гуай “Өмнөх хуульд луйварчин компаниуд өршөөл хүртээд жирийн компанид энэ хууль үйлчлээгүй" гэсэн. Тэгвэл тухайн үед буюу 2008 онд татварт бүртгэлтэй байсан 48 мянга 163 аж ахуйн нэгжээс 748 аж ахуй нэгж л өршөөлд хамрагдсан. Энэ нь нийт татвар төлөгчийн 1.5 хувь болж байгаа юм. Зөвхөн энэ байдлаас яагаад ийм бага аж ахуй нэгж, хувь хүн өршөөлд хамрагдсан бэ гэсэн асуулт гарч болно. Гэтэл яг үнэндээ дээрх 748 аж ахуйн нэгж, хувь хүнээс бусад нь татвараа төлдөг болж таараад байгаа юм. Ингээд үзэхээр бид өнгөрсөн хугацаанд өршөөх ёстой зүйлээ өршөөсөн.

-Хууль хэрэгжүүлэх хугацааг зургаан сар гэж заасан нь хэтэрхий богино гэсэн байр суурьтай бизнесмэнүүд бий. Магадгүй энэ байдал нь олон компанийг хамрахад саад болсон тал байна уу?

-Хангалттай хугацаа. Тэгээд ч аж ахуйн нэгжүүд өршөөлийн хууль ямар хугацаанд хэрхэн хэрэгжих талаар мэдээлэлтэй байгаа шүү дээ.

-Тэгвэл өмнө нь энэ хууль гарснаар эдийн засагт бодит байдалд ямар үр дүн бий болсон юм бэ?

-Энэ хуулийг дэмждэг, зүтгүүлдэг нөхдүүд 4.5 их наяд төгрөгт ноогдох 432 тэрбум төгрөгийг өршөөсөн гээд байгаа юм. Тэдний хэлсэн 4.5 их наяд төгрөг гэдэг нь ямар үндэслэлээр гарч ирсэн тоо болох нь ойлгомжгүй хэвээр байгаа. Ямартай ч, 432 тэрбум төгрөгийг өршөөл гэдэг сайхан нэрээр халхлаад огт татвар аваагүй явуулчихсан. Цааш нь судлаад үзэхээр эдийн засагт дөрвөн тэрбум ам.доллар орж ирсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй болж таарсан. 2008 оны жилийн эцсийн дүнгээр аж, ахуй нэгжүүдээс орж ирдэг байсан 253 тэрбум төгрөгийн татвараас буураад 205 тэрбум болсон.

Энэ нь нийт татварын 25 хувь болж байгаа. Дээрээс нь өршөөл нэрээр 432 тэрбумыг огт аваагүй. Үүнээс үзэхэд авах ёстой татвараасаа хоёр дахин их мөнгийг өршөөчихсөн байна. Хоёрдугаарт, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 48 мянга 163 байснаа 53 мянга 275 болж өссөн. Энэ бол бас л анхаарал татах үзэгдэл. Учир нь, аж ахуйн нэгжийн тоо өссөн байхад авах ёстой татвар нь 25 хувиар буурсан.

-Бүртгэлтэй аж ахуйн нэгж өссөн гэдэг далд эдийн засаг ил болж байгаа нэг хэлбэр биш үү. Хуулийн төсөл санаачлагчид ч далд эдийн засаг ил болох давуу талтай гэж тодорхойлсон...?

-Тэд тэгж хэлсэн бол тийм биз. Үнэн хэрэгтээ манай улсад далд эдийн засаг байх нөхцөл байхгүй. Гадагшаа улстөрчдийн оффшор дансанд харин их мөнгө байгаа байх. Тэгээд ч дэлхийн бусад оронд 10-25 хувийн далд эдийн засаг байдаг. Европын холбоо гэхэд дунджаар эдийн засгийн 14 хувь нь далд хэлбэртэй. Тиймээс ингэж ач холбогдол өгөөд байх зүйл биш. Манайхан хар захыг далд эдийн засаг гэж нэрлээд байх шиг.

Гэтэл энэ захад тийм ч их хэмжээний мөнгө байхгүй. Түүнээс гадна худалдаачид нь лангуугаа түрээслэх замаар татвараа төлчихөж байгаа юм. Харин энэ бүхнийхээ оронд 2008 онд Өршөөлийн хуульд хамрагдсан луйварчин гэж нэрлээд байгаа 748 аж ахуй нэгж, хувь хүний нэрийг мөнгөний тоо, хувь хэмжээтэй нь олон нийтэд ил болгох шаардлагатай байна.

Үгүйдээ гэхэд үүнийхээ дараа одоогийн Өршөөлийн хуулиа ярьж болно шүү дээ. Тэгээд ч татвараа төлдөггүй компани зургаан жилийн мөчлөгтэй өршөөлд хамрагдаад байдаг, тэр хэрээрээ үнэнчээр татвар төлдөг хувь хүн, аж ахуй нэгжийг мөлжиж болохгүй. Энэ бүхнээс гадна 2008-2009 онд эдийн засгийн орчинд юу болсон тухай авч үзэхээр арилжааны банкуудын хадгаламж болоод харьцах данс өмнөх оноос 7.7 хувь буусан. ДНБ-ий хувь хэмжээ 19 хувиар буурсан байна.

 Тэгэхээр Татварын өршөөлийн тухай хууль гараад эдийн засаг сайжирдаг, далд эдийн засаг сэргэдэг гэдэг бол зүгээр л цаасан дээр бичсэн ганц өгүүлбэр төдий юм.

-Тухайн үед дэлхий нийтээр санхүүгийн хямрал байсан шүү дээ. Үүнээс шалтгаалж буурсан үзүүлэлт ч байна биз дээ?

-За яахав ДНБ-ий хувь хэмжээг гадна дотны нөлөөлөл байсан гэж авч үзэж болно. Гэвч татварын орлого 25 хувиар, арилжааны банкны хадгаламж 7.7 хувиар буурсан гэдэг үнэн шүү дээ. Харин манайхан хувь хүний орлогын албан татвар, торгууль хоёрыг л хамгийн сайн авч байна.

-Зарим улстөрчийн зүгээс Өршөөлийн тухай хууль гарах сургаар аж ахуй нэгжүүд татвараас зориуд зайлсийж байгаа гэсэн шүүмжлэлийг хэлээд байгаа. Энэ хэр бодитой вэ?

-Яг үнэн. Өршөөлийн хуульд хоёр том дутагдал бий. Нэгдүгээрт, ёс зүйн эрсдэлийг бий болгодог. Үүнд таны хэлээд байгаа татвараас зориуд зайлсхийх, хууль гарахыг хүлээх зэрэг багтана. Харин нөгөөх нь зарим аж, ахуйн нэгжид монополь байдлыг зориуд бий болгож байгаа юм. Энэ бүхний нөгөө талд 98.5 хувь буюу шударгаар татвар төлж байгаа компаниудыг хохироож байгаа шүү дээ.

Гэтэл Өршөөлийн хууль гэдгийг бусад орон орлого нэмэгдүүлэх гэж гаргадаг гэж би дээр хэлсэн. Тэгээд ч авах ёстой зүйлээ авах нь зөв биз дээ. Харин татвар төлөлтийн хугацаа ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар уян хатан хандаж болох хувилбар бий. Түүнээс ганц ч төгрөг авахгүй байх арга ядсан хувилбараа өршөөл гэдэг нэрээр далдалж болохгүйг ойлгох цаг уг нь болсон л доо.

-Тэгвэл энэ онд эдийн засгийн байдлыг та хэрхэн харж байна вэ. Эдийн засагчийн тань хувьд заавал хариулт авах ёстой юм шиг санагдлаа?

-Үнэндээ наадах чинь аймаар асуулт байна. Үүнд илүү дутуу зүйл яриад байх шаардлага үнэндээ байхгүй. Маш товчхондоо бол манай улс дампуурч байна. Одоогийн Ерөнхий сайд нь хүртэл хоёр шийдэл гэж сүржин мэдэгдэл хийхдээ газрыг хувьчил, “Оюутолгой” гэх мэтийн ордоо зар, хоёрдугаарт, Дэлхийн банк, ОУВС мэтийн авралын санд багтаж, зээл авч өрөө нэмэгдүүл гэж ярьж байна.

Хятадын “Шинхуа” агентлагийн гаргасан Монгол Улс 2017 онд дампуурлын ирмэгт тулж магадгүй гэсэн тооцоололд манайхан эмзэглэх ямар ч шаардлага байхгүй. Хамгийн наад зах нь гадаад өрийн хэмжээ утгаа алдсан. Монголбанкны гаргасан гадаад өрийн талаарх мэдээлэл үргэлж зөрдөг. Үүнийгээ “Өрийн ангилал өөрчлөгдөхөөр ингэж зөрж байна” гэж тайлбарлаад байгаа юм.

Миний мэдэж байгаа баталгаатай тоогоор Монгол Улсын нийт гадаад өр 21 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 16 тэрбум ам.доллар хувийн хэвшлийнх. Энэ нь ДНБ-ий 150 орчим хувьтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, нийт гадаад өрийг аваад үзэхээр хүн бүр долоон мянган ам.долларын өртэй гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Ганбаатар
Эх сурвалж: