sonin.mn
МОСКВА. /ITAR-TASS/. Дебальцево хотын орчимд бүслэгдсэн цэргүүдээ аврах зорилгоор Украины арми хүнд зэвсгээ Дебальцево хот руу татаж байна гэж Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Эдуард Басурин мэдэгджээ. Артемовск, Светлодарск, Луганское зэрэг суурингуудын ойролцоох байрлал руугаа Украины арми их буу болон пуужин харвах системээ харанхуй болмогц татаж эхэлсэн гэж тагнуулын мэдээнд дурдсаныг "Донецк" мэдээллийн агентлаг дамжуулав.
 
Дебальцево хотод бүслэгдсэн цэргүүдээ аврахын тулд бас дахин нэг оролдлого хийхээр Украины арми зэхэж байгаа бололтой. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины хэдэн зуун цэрэг Донецкийн босогчдод бууж өгсөн гэж Басурин мэдэгдэв. Мөн тэрбээр бууж өгсөн цэргүүдийн аюулгүй байдлын үүднээс Украины яг хэчнээн цэрэг бууж өгсөн талаар болон тэдний нэрсийг дурдахаас татгалзсан байна. Бидэнд байгаа мэдээллээр, бууж өгсөн цэргүүдэд эх орноосоо урвасан хэмээн хуулийн дагуу шийтгэл ногдуулна хэмээн Украины армийн командлал мэдэгдсэн гэдгийг Басурин дурджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: