sonin.mn

Билгийн тооллын XVII жарны модон хонин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл, хүндлэл дүүрэн энэ өглөө /2015.02.19/ Төрийн өндөрлөгүүд айлчлан ирж буй жилд төр, түмэн нь төвшин амгалан, улс орны үйл хэрэг өөдрөг бүтэмжтэй байхыг бэлгэдэн Төрийн ордноо цагаан сарын золголт хийж, монгол түмний заншил ёсоор азай буурлуудын амар мэндийг асуун мэндлэх хүндэтгэлийн арга хэмжээ уламжлалын дагуу ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар эхлээд Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн.

Дараа нь Төрийн өндөрлөгүүд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилон, золголт хийсэн юм.

Төрийн золголтод уламжлал ёсоор Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж хүрэлцэн ирж, төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, аялгуут сайхан ерөөл магтаал өргөлөө. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нарт золгон бараалхлаа.

Жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд төр, засгийн тэргүүнүүд настан буурлуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүндэтгэн хүлээн авч, амар мэндийг айлтгадаг уламжлалтай. Энэ жилийн төрийн золголтод Г.Дашзэвэг, У.Доржпалам, Д.Долгоржав, П.Лувсандорж, С.Хойлог, П.Шагдарсүрэн, М.Дэнсмаа, Д.Доржнамжим, Д.Гаамаа нарын настан буурлууд Төрийн ордноо хүрэлцэн ирж, Төрийн өндөрлөгүүд тэдэнд хүндэтгэл үзүүлэн амар мэндийг нь айлтган золгож, гарын бэлгээ гардууллаа. Эдгээр азай буурлуудаас П.Шагдарсүрэн гуай өдгөө 98 насыг зооглож буй бөгөөд Төрийн золголтод оролцож байгаа ахмадуудаас хамгийн өндөр настай юм байна.

Билгийн тооллын XVII жарны хонин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэхүү арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар хэвлэл мэдээллээр дамжуулан Монголын нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд хэлсэн үгэндээ, Монголын ард түмэн хамгийн олон мянган тонн буудай хурааж, хамгийн олон мал тоолуулж, олуулаа болж 3 сая дахь иргэнээ өлгийдөж авсан сайхан жил байлаа. Мөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ирж байгаа хонин жил монголчууд биднийг бүтээн байгуулалтын ажил хүлээж байна. Улсын Их Хурал эдийн засгийн хүндрэлийг даван туулахаас эхлээд олон чухал хуулиудыг батлан гаргалаа. Эдгээр хуулиудын амьдралд хэрэгжих үе энэ хонин жил байх болно хэмээгээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлэхийг хүсэн ерөөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.