sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
 
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.24-ний өдөр 10 цаг 10 минутад/ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийлээ.

 Уулзалтын эхэнд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура УИХ-ын дарга З.Энхболдтой хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн тэмдэглэлт өдөр уулзах завшаан олдсонд баяртай буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр хоёр орны Ерөнхий сайд нарын зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ нь хоёр орны хоорондын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглэв.
 
 
Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзаж буйдаа талархал илэрхийлээд, Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын парламент улс төрийн өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэлээ.
 
 
Уулзалтад УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, тус бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав.
 
 
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.24-ний өдөр 11.00 цагт/ Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийлээ.

 
 
 
 
Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки уулзалтын эхэнд УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд тус улсад албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд "Манай хоёр улс түүхийн урт хугацаанд энх тайван, харилцан ойлголцлоор зэрэгцэн оршиж ирсэн түүхтэй. Хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрсэнд хоёр орны парламентын бүлэг их үүрэг гүйцэтгэж ирсэн" хэмээн онцлон тэмдэглэв. 
 
 
Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд "Монгол, Японы харилцааны хөгжилд  Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим, түүний гишүүд, Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы улс төрийн харилцаанд итгэлцэл бэхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна" гэдгийг тэмдэглэлээ.
 
 
УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид уулзалтын дараа Япон Улсын парламентын ордонтой танилцав.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс