sonin.mn
Монгол Улсаас Монакогийн Хант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан энэ сарын 19-ний өдөр Монакогийн Хант Улсын Цог Жавхлант Хан Хоёрдугаар Альбертад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
 
Элчин сайд М.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс Монакогийн Хант Улстай харилцаа, хамтын ажиллагааг, тухайлбал, соёл, байгаль орчныг хамгаалах салбарт түлхүү хөгжүүлэх, цаг уурын дулаарлын эсрэг хамтран ажиллахад ач холбогдол өгч, хоёр талын салбар хоорондын яриа хэлэлцээ, харилцааг тогтмолжуулах сонирхолтой байгааг илэрхийлэв.
 
Элчин сайд М.Батсайхан Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдлаас танилцуулж, Парис хотноо энэ оны сүүлчээр зохиогдох Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Дээд хэмжээний хуралд Монгол Улс өндөр ач холбогдол өгч оролцохоор төлөвлөж буй талаар мэдээлэв.
 
Монакогийн Хан Хоёрдугаар Альберт 2009 онд Монгол Улсад хийсэн айлчлалаа эргэн дурсахад таатай буйгаа илэрхийлэв. Монако Улс мөн дээрх хуралд ач холбогдол өгч, дэмжиж байгаагаа онцлов. Монгол, Монако археологийн судалгаа шинжилгээний салбарт хамтран ажиллаж, Монголын соёлын өдрүүдийг Монакод зохион байгуулах, соёлын өвийг хамгаалахад хэрэгжиж байгаа төслийн талаар ярилцан санал солилцов.
 
Монакогийн Хант Улсын Цог Жавхлант Хан Хоёрдугаар Альберт Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд М.Батсайханд ажлын өндөр амжилт хүсэв.
 
Монгол Улс Монакогийн Засгийн газрын хөгжлийн хамтын ажиллагааны түнш орноор 2008 онд сонгогдсон ба энэ хүрээнд соёлын эд зүйлсийг хууль бусаар хил дамнуулан худалдаалахтай тэмцэхэд үндэсний боловсон хүчний чадавхийг сайжруулах түүнчлэн хорт хавдрын нөхөн сэргээх эмчилгээний үйл ажиллагааг сайжруулах төслүүд амжилттай хэрэгжсэн болно.