sonin.mn
СИДНЕЙ. /ITAR-TASS/. Дэлхийн 27 орны 500 гаруй компани агаарын тээвэр, батлан хамгаалахын зориулалттай нисэх онгоц болон бусад бүтээгдэхүүнээ Австралийн Викториа муж улсын Желонд болох 2015 оны “Avalon” олон улсын агаарын үзэсгэлэнд танилцуулна.
 
Уг үзэсгэлэн анх 1992 онд зохиогдож, 1995 онд дахин зохион байгуулагдсан байна. Үүнээс хойш уг үзэсгэлэн Ази Номхон далайн бүс нутагт хоёр жил тутамд нэг удаа болдог агаарын тээвэр, сансрын болон батлан хамгаалах технологийн хамгийн том шоу үзүүлбэр болон хувирсан байна.
 
Энэ жилийн үзэсгэлэнд ОХУ оролцохгүй ажээ. Хоёр жилийн өмнө Russian Helicopters компани болон Нисэх онгоцны нэгдсэн корпораци /UAC/ ОХУ-ыг төлөөлөн уг үзүүлбэрт оролцсон байна.
 
Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний хооронд болох үзэсгэлэнг уламжлал ёсоор нисэхийн мэргэжилтнүүд эхний гурван өдрийн турш сонирхсоны дараагаар олон нийтэд үзүүлэх аж.
 
Энэ жилийн үзүүлбэрийг “Тэнгэрийн баатрууд” уриан доор дайн байлдаан болон энхийг сахиулах ажиллагааны үеэр амиа алдсан австраличууд болон шинэ зеландчуудын дурсгалыг хүндэтгэх өдөрт /Anzac Day/ зориулан зохион байгуулжээ. “Avalon 2015” шоу үзүүлбэрийг 200 мянга гаруй зочид ирж сонирхоно гэж зохион байгуулагчид үзэж байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг