sonin.mn
ТОКИО. /France-Presse/. Умард Солонгос Япон тэнгис рүү ойрын тусгалтай хоёр пуужин харважээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын төлөөлөгчийн хэлснээр, Умард Солонгос 490 км-ын радиуст байг онох чадвартай ойрын тусгалтай хоёр пуужинг Нампхо боомт орчмоос харвасан байна.  Умардын энэ үйлдлийг Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт эхэлсэнтэй холбогдуулан хурцадмал байдлыг улам хүндрүүлэх гэсэн оролдлого гэж Сөүлийн эрх баригчид үзэж байна.
 
Японы эрх баригчид пуужин харвасныг “эрс эсэргүүцэж байгаагаа” илэрхийлжээ. Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ болон Өмнөд Солонгостой “нягт хамтран ажиллах"-ын тулд мэдээлэл цуглуулж, хөлөг онгоцууд болон нисэх онгоцуудынхаа аюулгүй байдлыг хангах, мөн ард иргэдийг цаг тухайд нь үнэн зөв мэдээллээр хангахыг Гадаад хэргийн яаманд үүрэг болгосон байна. Хоёрдугаар сарын эхээр Умард Солонгос Япон тэнгист таван удаа ойрын тусгалтай баллистик пуужингууд харважээ.
 
Умард болон Өмнөд Солонгос одоогоор дайны байдалд байгаа билээ. Өмнөд Солонгос руу довтлох төлөвлөгөө боловсруулж байгаагаа Умардын эрх баригчид энэ оны нэгдүгээр сарын эхээр мэдэгдсэн байна. Хэрэв Өмнөд Солонгос эсэргүүцэл үзүүлж, АНУ-ын арми Умард Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулна гэж тооцвол уг төлөвлөгөөг 15 хоногийн дотор хэрэгжүүлнэ гэж Пхеньяны эрх баригчид тооцоолж байгаа аж. Уг төлөвлөгөөнд цөмийн зэвсэг хэрэглэхээр тусгасан байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: