УИХ-ын намрын чуулган засварласнаас хойш олон нийтийн анхаарлын төвд байгаа нэг асуудал бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацуурын ордыг Канадын хөрөнгө оруулалттай Сентерра гоулд компанид ашиглуулахаар болсон шийдвэр юм. Хэдийгээр нийгэм олон нийтийн дунд хүний ёсонд байхаас гажууд элдэв үйлдлүүд байгаа ч энэ асуудлыг анхаарлын гадна үлдээж боломгүй. 
 
Түүн дотроо Хүннүгийг үеийн булш, бунхан бүхий ариун дагшин “Ноён” уулыг ухуулахгүй гэсэн хэсэг залуусын өлсгөлөн энэ асуудлыг бүр дээд цэгт хүргээд байна. Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд энэ асуудлаар хүртэл талуудыг байлцуулан хэлэлцүүлэг өрнүүлсэн нь ч ямар нэгэн шийдэлд хүрээгүй. Бид үнэхээр газар шороогоо ухахгүй бол амьдарч чадахаа больсон юм гэж үү. 
 
Энэ Засгийн газрын яриад байгаагаар бол Гацууртын ордыг ашиглаж байж л манай эдийн засаг сэргэх үү. Тийм гэх батлагаа алга. Яагаад алга гэхээр улс дамнасан эдийн засгийн алуурчид бол эдийн засгийн сонирхол бүхий улс төрийн бүлэглэлийг ашиглан эл үйлдлээ гүйцэлдүүлдэг аж.
 
Ийм туршлага баялгийн хараал хүртсэн гэх Африк болоод Азийн зарим буурай хөгжилтэй оронд байх. Энэ зарчмаар эдийн засгийн алуурчдын арга барил нь тухайн улсад орж ирсэн гадаад иргэнд бараа, үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байгуулан нутаг нэгтэн, найз нөхдөө томоохон компаниудын удирдах түвшинд нэвтрүүлэн (албан тушаал хашуулан) түүгээр дамжуулан ажил үйлчилгээгээ зах зээлийн үнэлгээнээс хамаагүй өндрөөр нийлүүлэх явдал юм.
 
Өөрөөр хэлбэл, Л компани өөрийн нэг менежерээ X компанийн гүйцэтгэх захирлаар ямар нэг байдлаар томилуулан түүгээрээ дамжуулан өөрийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээг тендергүй буюу хаалттай тендерээр шахаж үүнээс олсон ашгаа хилийн чанадад хуваадаг. Тэгвэл манай зарим залуусын тэмцээд байгаа Ноён уул буюу Гацууртын ордод яг ийм аргыг хэрэглээд байгаа юм биш гэж үү. 
 
Эдийн засгийн сонирхол бүхий бүлэглэл Монголын хуулийг өөрсдийн сонирхлоор өөрчилж байна. Эл үйлдлээ УИХ-ын намрын чуулганы хуралдааны хаалтын үеэр Урт нэртэй хуулийн өөрчлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт гээд холбогдох бүх хууль эрхзүйн өөрчлөлт яг тэдний захиалгаар хийгдэж байгаа нь үнэхээр хачирхалтай. 
 
Энэ мэтчилэн угсраа олон мэхээрээ дамжуулаад Гацууртын ордыг авч хэдхэн жилийн дотор өмнө нь Бороо гоулдыг ухаад явчихсан шигээ авирлах гэж байгаа юм биш биз. Үгүй гэх баталгаа алга. Учир нь Гацууртыг ордод эзэмших Монголын төрийн хувь хэмжээг 20 хувь төдийхнөөр оруулж ирсэн нь ийм хардлагыг дагуулж байна. Тэд Кумторын ордод эхлээд 33 хувийг нь эзэмшиж байгаад удалгүй 66 болж хувиа өсгөсөн байгаа юм. 
 
Ингэхдээ Сентерра гоулд Киргизийн талаас нэмж авсан 33 хувиа Монголд байгаа алтны ордоор наймаалцсан байдаг. Монголд байгаа алтны орд нь нөгөө Бороо Гоулд, Гацуурт хоёр. Нэгэнт алтны томоохон нөөцтэй хоёр ордтой болсон Киргизийн Засгийн газар 33 хувийнхаа оронд Сентерра гоулдод компанийн удирдлагаа бүрэн шилжүүлсэн. Тэгэхээр шийдвэр гаргах түвшинд ямар ч эрх мэдэлгүй болно гэсэн үг. 
 
Хамгийн ноцтой нь ийм гэрээг 2003 оны арванхоёрдугаар сарын 31-нд Киргизийн Засгийн газрын эрхэм Н.Танаев гэгч халамцуу байхдаа үзэглэсэн байгаа юм. Эндээс яагаад тус улс ордынхоо 66 хувийг эзэмшиж байсан мөртлөө компанийнхаа удирдлагыг гартаа аваагүй юм бэ гэсэн асуулт гарна. Үүнд, нэгдүгээрт тухайн үед Киргиз улсад туршлагатай мэргэжилтэй боловсон хүчин байхгүй. 
 
Канад улс энэ төслийн хөрөнгө оруулалтын 34 хувийг эзэмшиж байсан гээд Кумторын ордыг зээлийн барьцаанд тавьчихсан байж. Үүний хажуугаар Киргиз улс Канадын хөрөнгө оруулагчийг роялти болон бусад бүх татвараас 1993-2002 он хүртэл бүрэн чөлөөлсөнд хамаг учир байгаа юм.
 
Нэгэнт Канадын тал төслийн бүх удирдлагыг гартаа авсан учраас 700 тоннын алтны нөөцтэй Кумторын ордын үнэ цэнийг өөрийн дураар хөдөлгөх, бүр цаашилбал унагах ажиллагаагаа хийж ирсэн байна. Тэд барьцаа аажим аажмаар лавшруулан Кумторын ордын ойролцоо байрлалтай талбайнуудад хайгуул хийх зөвшөөрөл авч мөн дахин 200 тоннын нөөцийг ашиглах лиценз хүртэл олж адсан байгаа юм. 
 
Мөн ашгийн болоод нэмэгдсэн өртгийн татварын хөнгөлөлт, газрын хэвлийн ашигласны, экспорт, итпорт гээд маш олон татварын хөнгөлөлт эдэлж байсан нь 10 жилийн дотор Киргиз улсыг хоёр миллиард ам.долларын өрөнд унагасан аж. Гэтэл Киргизийн талын төрийн өмчит “Кыргызалтын” гэх компани нь үнэн хэрэгтээ Сентерра гуолдын гар хөл болсон, ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг ийм нөхдүүд байж. 
 
Тэд одоо манайд болоод байгаа шиг гадны хөоөнгө оруулагч нар гараад явчихна, олон улсын шүүх хэдэн миллиард долларын торгууль тавина гэхчилэн айлгадаг ийм л арга зальтай этгээдүүд. Киргизийн талын мэдээлж байгаагаар Монголын Бороогийн болон Гацууртын ордуудыг 2004 онд 67 тонн алтны нөөцтэйгөөр үнэлэн 175 сая ам.доллараар РЭН гэгдэх нэрийн дор наймаалцсан байна. 
 
Өөрөөр хэлбэл, манай 70 тоннын нөөцтэй тэдэн хувийг эзэмшинэ гээд УИХ, Засгийн газар цээжээ дэлдэж байх хооронд аль хэдийнэ Ноён уул орчмын Гацууртын орд айлын талд шилжсэн байх магадлалтай байна. Тэд олон улс дамнасан хууль бус үйл ажиллагаагаа тухайн ордыг ашиглах давуу эрх, өөрсдийн гар хөл болсон улстөрчдөөрөө дамжуулан олж авдаг. 
 
Түүгээр ч зогсохгүй байгаль орчинд маш хор хохирол учруулдаг байна. Энэ нь Киргизийн алдарт Иссык кул нуурыг тэжээдэг Нарын голын эх Арабельсу голын хөндийд цианит бүхий хаягдал байгаагаар хэлж болно. Ийм л улс үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулдаг компанид манай улстөрчид найр тавиад байгаа нь хачирхалтай. Бид зөвхөн Ноён уулаа ухуулахгүй гэсэндээ биш энэ ордыг ашиглахын цаана ямар хууль бус үйл ажиллагаа болж байгааг мэдэх л чухал. 
 
Өнгөрсөн амралтын өдөр талбай дээр Ноён уулаа аврах хөдөлгөөнийхөн жагсаал хийсэн ч хэвлэлийнхэн өдрийн од шиг үзэгдсэн нь бас л нэгийг хэлээд байх шиг. 
 
П.Дөлгөөн
Эх сурвалж: "Нийслэл таймс"