sonin.mn
Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа
 
Засгийн газрын 27 дугаар тогтоолд дараах үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулж, Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпорацийг буцаан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харъяанд ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү корпорацийн үйл ажиллагааг өргөтгөхөд зориулж, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Молекул биологийн хэрэглээний лаборатори” байгуулахаар бэлтгэл хангагджээ. Монгол Улсын бүх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад нээлттэй зарчмаар ажиллах, олон улсын стандартад бүрэн нийцсэн лаборатори байх юм.
 
Мөн Дорнод бүсийн Хөдөө аж ахуйн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнг Мал аж ахуйн хүрээлэнгийн бүтцэд ажиллуулахаар шийдвэрлэлээ. Тус хүрээлэн нь Монгол орны зүүн бүс нутгийн онцлог, эрэлт хэрэгцээнд тулгуурласан мал аж ахуй, газар тариалангийн судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэх зорилготой ажилладаг байна.  Тус хүрээлэнгийн үйл ажиллагааг бүс нутгийн онцлогт тохирсон тэжээлийн технологи боловсруулах, малын тэжээл бэлтгэх, газар түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг байгаль орчны даацад зохицуулан ашиглах чиглэлээр өргөжүүлэх шаардлагатай байгаа юм.
 
Орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн нөхцөлийг өөрчлөхгүйгээр арилжааны банкинд шилжүүлнэ
 
Орон сууцны санхүүжилтийн корпорац ХХК Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ болж өөрчлөн байгуулагдсанаар иргэдийн орон сууцны зээл санхүүжүүлэх бус орон сууц барих, захиалах, хөтөлбөр хэрэгжүүлэх ерөнхий чиг үүрэгт шилжиж, иргэдэд орон сууцны зээл олгох, эргэн төлүүлэх чиг үүрэггүй болсон. Засгийн газрын 2014 оны 27 дугаар тогтоол гарч “4000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн зээлийн багцын 65 тэрбум төгрөгтэй тэнцэх хэсгийг Төрийн банкинд хоёрдогч өглөг хэлбэрээр бүртгүүлэх, үлдэх хэсгийг арилжааны банкинд шилжүүлэхээр тогтсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
 
“Зээлийн багц шилжүүлэх, Төрийн банкны  талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 27 дугаар тогтоолын дагуу шилжүүлэхээр шийдвэрлэсэн 65 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийн багцыг жилийн 5 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 2030 он хүртлэх хугацаанд төлж барагдуулах, зээл авсан иргэдийн зээлийн гэрээний үндсэн нөхцөлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр шилжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө
 
Үлдэх зээлийн багцыг жилийн 5 хувиас доошгүй хүүтэй, 2030 он хүртлэх хугацаанд төлж барагдуулах, зээл авсан иргэдийн зээлийн гэрээний үндсэн нөхцөлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр Засгийн газартай өр, авлагын тооцоогүй, Монгол банкны тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 1 жилийн хугацаанд хангасан арилжааны банкинд шилжүүлэхийг зөвшөөрлөө.
 
Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа
 
Цөмийн энергийн газрын гүйцэтгэж байсан чиг үүргийг Цөмийн энергийн комисс хариуцан гүйцэтгэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор тус комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн баталлаа.
 
Тус комиссыг Монгол Улсын Ерөнхий сайд даргалж, холбогдох яамдын сайд болон дэд сайд, газрын дарга нар гишүүнээр ажиллана.
 
Цөмийн энергийн комиссын ажлын албаны орон тооны хязгаар 33 байхаар тогтоолоо.
 
Цөмийн энергийн комисс нь 1962 онд байгуулагдсан бөгөөд улсын хэмжээнд цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.  
 
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тайланг хэлэлцэж, төсвийг баталлаа
 
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээд дэмжлээ. Мөн тус зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төсвийг баталлаа.
 
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл нь 2010 онд шинэчлэн батлагдсан Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу усны үнэ, тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах үүрэгтэй, бие даасан, хараат бус, зохицуулах байгууллага юм.
 
Тус зөвлөл нь хоёр жил гаруй хугацаанд цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ тарифын тогтолцоог улс орон даяар шинэчилж, хоёр талт суурь хураамжтай тарифын системийг нэвтрүүлсэн. Үүний үр дүнд 2015 онд Нийтийн аж ахуйн байгууллагуудын дийлэнх нь алдагдалгүй ажиллах боломжтой болжээ.    
 
 
 
Товч мэдээ
 
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус хуралдаанаас төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус хууль болон журмын хэрэгжилтийг хангуулах, хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах байгууллага бүр мэдээллийг өөрийн цахим хуудсанд цаг хугацаанд нь байршуулж хэвшүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
 
Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын эх үүсвэрийг тодорхойлох Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд баталлаа.
УИХ-ын гишүүн Л.Цогийн санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.