sonin.mn
ТОКИО. /ITAR-TASS/. Хятадын санаачилгаар дэд бүтцийн хөрөнгө оруулалтын Азийн банк байгуулахад оролцох төлөвлөгөө Япон улсад байхгүй гэж тус улсын Сангийн сайд Таро Асо Токио хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. “Зээлийг олгох журам зэрэг хэд хэдэн чухал асуудлаарх бодлого тодорхой болох хүртэл энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцох нь хүндрэлтэй байна” гэж Асо тэмдэглэн хэлсэн байна.
 
Үүний сацуу тэрбээр дээрх банкийг байгуулахад Их Британи зэрэг зарим том гүрнүүд оролцохоор болсон тухай мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ. “Бидэнд энэ талаарх мэдээлэл бий, гэхдээ бусад орны гаргасан шийдвэрт бид тайлбар өгөхгүй” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын Азийн банк байгуулах санаачилгыг Хятад улс гаргасан бөгөөд энэ төслийн талаарх анхны харилцан ойлголцлын санамж бичигт өнгөрсөн оны 10 дугаар сард Бээжин хотноо гарын үсэг зурсан байна.
 
Уг банкийг үүсгэн байгуулахад дэлхийн 27 орон оролцоно гэж Хятадын Сангийн сайд Лоу Зивэй өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Эдгээр орны нэрс гуравдугаар сарын 31-нд тодорхой болох аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: