sonin.mn
Улс төрийн намууд жил бүр санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар шалгуулж, олон нийтэд тайлагнах ёстой. Хуулинд ингэж зохицуулсан байдаг ч 2007 оноос хойш нэг ч нам ийм тайлан олон нийтэд дэлгэж байгаагүй аж. Үүнээс гадна намын гишүүд дэмжигчдээс өгсөн хандивын мөнгийг хэрхэн зарцуулсан талаар мэдээлэл огт байхгүй гэдгийг судлаачид хэлж байна. 2005-2012 онд улс төрийн намуудад улсын төсвөөс нийтдээ найман тэрбум төгрөг тарааж өгчээ. Гадны туршлагаас үзвэл намуудын санхүүжилтын 70 хувийг төсвөөс өгдөг аж. 
 
Ингэснээрээ аль хүчин, хэн нэг бизнесмен, улстөрчдөөс хараат бус байх боломж бүрддэг байна. Гэтэл манай улсын хувьд намуудын санхүүжилтын яг хэдэн хувийг улсын төсвөөс өгдөг талаарх мэдээлэл нь бараг л нууцын зэрэглэлтэй байдаг. Гэхдээ л хамгийн тодорхой, ойлгомжтой зүйл нь сонгууль болгоноор улстөрийн намууд ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулахын тулд хэний ч хараа хяналтгүй асар их мөнгө зарцуулж байгаа. Өнөөдөр тодорхой болсон нэг зүйл нь УИХ-ын нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцон улстөрийн намуудыг санхүүжүүлж байгаа. 
 
Харин энэ санхүүжилтийн 50 хувийг тойрогт зарцуулагдах ёстой. Гэтэл 2012 оны сонгуулиар 28 эрхэм намын жагсаалтын ард нуугдсаар УИХ-д орж ирж өнөөдөр хууль тогтоож яваа. Дээрх 28 гишүүний дөрвөн жилийн 10 сая төгрөг нь нийтдээ нэг тэрбум 120 сая төгрөг болж байна. Товчхондоо намын жагсаалтын ард нуугдан УИХ-д орж ирсэн 28 гишүүний дөрвөн жилд намдаа авч ирдэг нэг тэрбум 120 сая төгрөг зарцуулах тойроггүй учир МАНАН-д уусан сарниж, “Шударга ёс”-ноос гадуур урсан алга болж байна. Учир иймд УИХ-ын суудал бүрт тараан өгч байгаа 10 сая төгрөгийн учрыг олох, тойроггүй сул гишүүдэд тараан өгч байгаа дээрх мөнгийг улсын төсөвт нь үлдээх цаг болжээ. 
 
Эх сурвалж: