sonin.mn
ВАШИНГТОН. /АР/.  2010-2014 оны хугацаанд ОХУ зэвсгийн экспортоор хоёрдугаарт бичигдсэн бол зэвсгийн худалдаагаар АНУ тэргүүллээ гэж Стокгольмын энх тайвны асуудлыг судлах хүрээлэнгийн /SIPRI/ өнөөдөр нийтлэгдсэн жил тутмын тайланд дурджээ. ОХУ зэвсгийн зах зээлийн 27 хувийг эзэлж байгаа бөгөөд зэвсгийн экспортын хэмжээгээ тус улс дөрвөн жилийн хугацаанд 37 хувиар нэмэгдүүлсэн байна. Оросын зэвсгийг дэлхийн 56 орон худалдан авсны 60 хувийг нь Энэтхэг, Хятад болон Алжирт экспортолжээ. Зэвсгийн зах зээлд АНУ тэргүүлсэн хэвээр байна. Тус улсын зэвсгийн экспортын хэмжээ 23 хувиар өсчээ. АНУ дэлхийн зэвсгийн худалдаанд 31 хувийг эзэлж байгаа бөгөөд тус улсын зэвсгийг 94 улс худалдан авснаас экспортын 32 хувийг Ойрхи Дорнодын орнууд эзэлжээ. Худалдсан зэвсгийн хэмжээгээр гуравдугаарт Хятад улс орсон байна.
 
Урьд нь тус улс есдүгээрт бичигдэж байжээ. 2010-2014 оны хооронд Хятад зэвсгийн экспортын хэмжээгээ 143 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд тус улс дэлхийн зэвсгийн зах зээлийн 5 хувийг эзэлж байна. Европын Холбооны орнуудын зэвсгийн экспортын хэмжээ сүүлийн таван жилийн хугацаанд 16 хувиар буурч, зэвсгийн зах зээлд эзлэх хувь нь АНУ, ОХУ-ын үзүүлэлтээс бага болсон байна. 2005-2008 онд ЕХ-ны орнуудын энэ үзүүлэлт өндөр байжээ.
 
Дэлхийн зэвсгийн худалдааны нийт хэмжээ дээр дурдсан хугацаанд 2005-2009 оны үзүүлэлтээс 16 хувиар өссөн байна. Герман, Франц улсыг оруулаад зэвсэг экспортлогч таван томоохон орон дэлхийн зэвсгийн зах зээлийн 58 хувийг эзэлжээ. “SIPRI” хүрээлэнгийн мэдээлснээр, 2010-2014 онд Энэтхэг, Саудын Арави, Хятад, Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ болон Пакистан зэвсгийн томоохон импортлогч орнууд болсон байна. Зэвсгийн импортын 15 хувь нь Энэтхэгт ногдсон бол Саудын Арави болон Хятад тус бүр 5 хувийг, АНЭУ болон Пакистан тус бүр 4 хувийг эзэлжээ.
 
Европын орнуудын худалдан авсан зэвсгийн хэмжээ 36 хувиар буурч, нийт импортын 12 хувийг  эзэлжээ. Харин Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын зэвсгийн импорт 71 хувиар өссөн бөгөөд эдгээр орон Ойрхи Дорнодод нийлүүлсэн нийт зэвсгийн 54 хувийг худалдан авчээ. Тус бүс нутагт зэвсгийн импортын 22 хувь нь ногдсон байна. Дэлхийн улс орнуудын цэргийн зардлын талаарх “SIPRI”-гийн дараагийн тайлан мэдээ ирэх сарын 13-нд нийтлэгдэх аж.
 
Д.Жаргал