sonin.mn
МАХН-ын дарга Н.Энхбаярын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Өдрийн сонин’’-д томоохон ярилцлага өгч Н.Энхбаярыг салахгүй дагаж гүйсээр ажил албатай, хөрөнгө мөнгөтэй болсон зарим хүмүүсийг чангахан чимхээд авав. Тэдний дунд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Сү.Батболд, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нарын нэрс толгойлж, Монголд байгаа үгүй нь мэдэгддэггүй С.Баярын нэр хүртэл цохиж явав.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цензургүй ярихдаа “Нямдорж над дээр олон ирж Энхбаярыг шалгах асуудлыг ярьж байсан” хэмээн палхийтэл хэлээд тавьчихсан. Тэгэхээр яах аргагүй Ц.Нямдоржид Н.Энхбаяртай бодох тооцоо байдаг гэдэг нь төрийн тэргүүний цензургүй үгээр батлагдсан. Харин Монголоос ОХУ-д төлөх их өрийн асуудал шийдэгдэх үед Н.Энхбаярыг тэврээд мэгшин уйлж байсан Ж.Бямбадорж дарга сая ирэхэд нь бараагаа ч харуулалгүй бултсаныг Ц.Шаравдорж дарга тун ч их гайхаж “Жудаггүй, хүний мөсгүй”-г нь шогширч яваа бололтой. 
 
Үнэндээ Сү.Батболд, Ц.Нямдорж, Ж.Бямбадорж нарын хувьд Н.Энхбаяр бол оройн дээд Очирваань бурхан явсан гэгээн дурсгалтай өдрүүд тоогоо алдсан нь гарцаагүй үнэн. Гэтэл өнөөдөр ийнхүү танихгүй царайлан, зүс бууруулсанд нь Ц.Шаравдорж дарга ихэд сэжиглэн, шазуур зууж суугаа ажээ. Цагийн аяс, хүний жудаг аа гэж.
 
Эх сурвалж: