sonin.mn
Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн хоорондын тууш зайчлал 90 км байсныг багасган 30 км-ийн зайчлалд шилжүүлэх ажил өнөөдрөөс амжилттай хэрэгжиж эхэллээ. Нислэгийн хөдөлгөөний удирдлагад энэхүү шинэчлэлийг хийснээр хөрш орнуудын нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд ашиглаж байсан зайны зөрүүтэй байдлаас үүдэн Монгол Улсын хил дээр агаарын тээвэрлэгчдэд үүсэх хүндрэл арилж, нислэгийн удирдагчийн ажлын ачаалал буурна хэмээн албаныхан хэлж байна.
 
Мөн Монгол Улсын агаарын зайд агаарын хөлгүүд ашигтай цаг, өндрөөр нислэг үйлдэх боломжтой болж, нэгж хугацаанд нэвтрэн өнгөрүүлэх чадамжаас шалтгаалсан агаарын хөлгүүдийн давхцал багасах аж. Түүнчлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийн дагуу агаарын тээвэрлэгчдэд олон улсын шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх, Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэх нислэгийн тоо нэмэгдэх таатай боломж бүрдэх юм байна.
Дашрамд дурдахад ИНЕГ-аас нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд бодит ажиглалтын удирдлагыг 2012 оны наймдугаар сараас нэвтрүүлсэн нь нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны түвшинг дээшлүүлэх, агаарын зайн багтаамж, нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлжээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: