sonin.mn
БРЮССЕЛЬ. /NHK/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх ерөнхий гэрээ байгуулах хугацаа ойртсоор байгаатай холбогдуулан АНУ болон Европын Холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нар Ираны Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийжээ. НҮБ-ын байнгын таван гишүүн орон, түүнчлэн ХБНГУ болон Иран улс энэ сард багтаан гэрээ байгуулах зорилготой байгаа юм.
 
Даваа гарагт Швейцарийн Лозанна хотод Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй таван цагийн турш уулзаж ярилцжээ.  Хоёр сайд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой зөвшөөрөгдөх хэмжээ, түүнчлэн Иранд авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэх талаар хэлэлцсэн байх магадгүй. АНУ-ын Төрийн Департаментийн хэвлэлийн төлөөлөгч Жен Псакигийн мэдэгдсэнээр, яриа хэлэлцээ хүндхэн байдалтай явагдаж байсан боловч ажил хэрэгчээр өндөрлөсөн байна.
 
Үүний дараа Ираны сайд Зариф Их Британи, Герман, Франц, ЕХ-ны Гадаад хэргийн сайд нартай Бельгийн нийслэл Брюссель хотод уулзжээ. Уулзалтын дараа ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини мэдэгдэл хийсэн бөгөөд уг уулзалт нь удахгүй болох хэлэлцээг амжилттай явуулахад тус дөхөм болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: