sonin.mn

ТОКИО. /ITAR-TASS/. Япончууд сансрын туяа, хар нүх зэрэг үзэгдлийг судлах зорилгоор 23 метрийн голчтой огторгуйн дуранг энэ оны есдүгээр сараас зохион бүтээж эхлэхээр шийджээ.  Уг дуранг Испани улсын Канарын арлуудад байрлуулах аж.

Дээрх төслийг Токиогийн их сургуулийн дэргэдэх сансрын туяаг судалдаг төвийн мэргэжилтнүүд удирдаж байгаа юм. Огторгуйн дурангийн толийг 200 орчим ялтсаар угсарсан бөгөөд нийтдээ долоон ийм телескопийг дэлхий даяар байрлуулахаар төлөвлөж байна. Эдгээр дуран бүгд нэгдсэн системд холбогдох аж. Ийм дуран ашигласнаар сансрын туяаг илүү нарийвчлан судлах боломжтой болох бөгөөд хар нүхний нууцыг тайлах тэр цаг мөч улам бүр ойртоно гэж Токиогийн их сургуулийн эрдэмтэд ярьж байна.

Дэлхий дээрх хамгийн том огторгуйн дуранг өнгөрсөн онд Япон болон АНУ-ын мэргэжилтнүүд угсарчээ. Уг дуранг далайн түвшнээс 4000 метрийн өндөрт Хавай арлын Мауна-Кеа галт уулын орой дээр байрлуулах юм. Дурангийн аварга том толийг 500 орчим ялтсаар угсарч байгаа бөгөөд голч нь 30 гаруй метр байх ажээ. Дэлхий дээрх хамгийн том огторгуйн дуранг 2021 он гэхэд угсарч дуусгах төлөвтэй байна.

Д.Жаргал

 

Эх сурвалж: "Монцамэ"