sonin.mn

ТОКИО. /ITAR-TASS/. Профессор Хидэтоши Сакураи-гийн удирдлагын дор Японы Киото их сургуулийн судалгааны баг “iPS” тулгуур эсээс булчингийн эд эсүүдийг аюулгүйгээр ургуулан авах аргыг боловсрууллаа гэж тус улсын хэвлэлүүдэд бичиж байна.

Булчингийн эд эсийг ургуулах үйл явцад өнөөг хүртэл хэд хэдэн бэрхшээл тулгарч байсан юм. Тухайлбал, мэргэжилтнүүд удаан хугацааны туршид ургуулсан эд эсэд хорт хавдар үүсэх магадлалыг бууруулж чадаагүй байна. Харин энэ удаад эрдэмтдийн боловруулсан шинэ арга нь дээрх эрсдлийг хамгийн доод түвшинд хүртэл бууруулах боломж олгох ажээ.

Лабораторын туршилтын явцад Японы эрдэмтэд булчингийн эд эсийг ургуулж чадсан бөгөөд дараа нь булчин сулрах өвчинтэй холбоотой туршилтыг хулгана дээр хийсэн байна. Боловсруулсан энэ шинэ аргыг хүмүүст ховорхон тохиолддог энэ өвчнийг анагаахад хэрэглэх боломжтой гэж судлаачид үзэж байгаа юм.

Булчин сулрах өвчин гэдэг нь булчингийн эд эсийг аажмаар доройтолд оруулдаг төрөлхийн эмгэг юм. Статистик мэдээллээс үзвэл, шинээр мэндэлсэн 3500 нярайн нэг нь ийм өвчин тусах магадлалтай байдаг аж.

Д.Жаргал

 

Эх сурвалж: "Монцамэ"