sonin.mn

Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам, хөтөлбөр хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын эдийн засгийн өсөлт 7.8 хувь болон буурчээ. Эдийн засгийн өсөлтийн хурдац ийнхүү саарсан нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсантай холбоотой гэж Сангийн сайд хэллээ.

Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онтой харьцуулахад 8.5 дахин буурч дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь 2009 оны санхүү, эдийн засгийн хямралын үед байсан түвшнээс бага болсон байна. 2014 оны эцэст эдийн засгийн өсөлт саарч, бизнесийн идэвхжил суларсаар байсан тул Монгол Улсын 2015 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн гэлээ. Эдийн засгийн гадаад болон дотоод хүчин зүйл, дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт болон экспортын бууралтаас үүдэн 2015 оны батлагдсан төсвийн орлогыг бодитоор дахин төлөвлөх, орлоготойгоо уялдуулан урсгал болон хөрөнгийн зардлыг дахин тооцох, Засгийн газрын бүтцэд гарсан өөрчлөлтийг төсөвт тусгах зорилгоор Засгийн газраас Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулсан гэлээ.

Төлбөрийн тэнцлийн хямралыг санхүүгийн болон эдийн засгийн хямралд хүргэхгүйн тулд 2015 онд макро эдийн засгийн бодлогын өөрчлөлтийг нэгдсэн байдлаар харилцан уялдаатай хийж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шаардлага үүсчээ. Иймд макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, гадаад зээлийг нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж,  валютын урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн нийт тэнцлийг алдагдалгүй болгож, хувийн хэвшилд ирэх ачааллыг бууруулж, ажлын байрыг хадгалах, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх зэрэг үндсэн чиглэл, цогц агуулга бүхий Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж УИХ-аар батлуулан ажиллаж байна гэж сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Монгол Улсын өрийн удирдлагын бодлого, зохицуулалт хэд хэдэн хуульд салангид байдлаар туссан, хоорондоо уялдаа хамаарал муутай байсан бол өрийг удирдах, захиран зарцуулах, эргэн төлөх, тайлагнах, хяналт тавих үйл явцыг бүхэлд нь шинэчилсэн өрийн удирдлагын нэгдсэн зохицуулалт бүхий хуулийг батлуулжээ. Өрийн удирдлагын тухай хуулиар улсын өрийн тодорхойлолтыг Засгийн газрын шууд хянах боломжтой бүтцийн хүрээнд Засгийн газрын өр болгон өөрчилж, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өрийг Засгийн газрын өрд оруулахгүй байхаар тусгасан гэлээ.

Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн зээлүүдээс үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэн авах ажлыг эхлүүлжээ. Монголбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн үлдэгдэл 2015 оны 6 дугаар сарын эцэст 535.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болохоор байгаа бөгөөд эдгээр зээлийг олгогдсон салбар, дэд хөтөлбөр бүрийн онцлогийг харгалзан хууль тогтоомжуудад нийцүүлэн Засгийн газарт шилжүүлэн авснаар Монголбанк хөтөлбөрийн зээл авах үйл ажиллагаанаас гарах юм.

 

Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна. Үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор зээлийн батлан даалтын сангаас 22.6 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байна. Үүний үр дүнд 2634 ажлын байрыг хадгалж, 1142 ажлын байр шинээр бий болсон гэж Сангийн сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.