sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойн баярт зориулсан баярын арга хэмжээнд оролцох урилгыг гадаадын 68 орны төр, засгийн тэргүүн нар болон олон улсын зарим байгууллагын удирдагчдад хүргүүлснээс 30 орчим нь оролцоно гэдгээ мэдэгдсэн хариу ирүүлсэн гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдээлжээ.

“Энэ асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины даргалан явуулсан баярын арга хэмжээг зохион байгуулах “Ялалт” хорооны хуралдааны үеэр хэлэлцсэн. Бид 68 орны төр, засгийн тэргүүн нар болон НҮБ, Европын Зөвлөл, ЮНЕСКО, Европын Холбоо /ЕХ/ зэрэг олон улсын зарим байгууллагын удирдагчдыг урьсан” гэж Лавров “Бямба гарагийн мэдээг Сергей Брилевтэй хамт” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна.

“Бид 30 орчим орны удирдагчдаас нааштай хариу хүлээн авсан. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл болон БРИКС-ийн гишүүн манай түнш орнууд, Вьетнам, Монгол, Европын хэд хэдэн орон, Балканы хойгийн улсууд болох Серби, Черногор, Македон, мөн Словак, Грек, Кипр улсын удирдагчид байгаа” гэж Оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүн онцлон дурджээ.

Лавровын хэлснээр, тавдугаар сарын 9-нд Москва хотод болох Ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирэхээр төлөвлөж байгаагаа Норвегийн удирдагч өнгөрсөн оны намар түүнтэй ярилцах үеэрээ хэлсэн байна. “ЮНЕСКО, ЕХ-ы удирдагчид мөн оролцохоо мэдэгдсэн” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Оросын Гадаад хэргийн сайд Ялалтын баярын арга хэмжээ маш өндөр түвшинд болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ"