sonin.mn

УИХ-ын дэд дарга Л.Цогтой өнөөдөр УИХ-д суудалгүй намуудын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр албан өрөөндөө хүлээж авч уулзав.

Тэрбээр уулзалтын эхэнд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай болон Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хуулийн өнөөгийн хэлцэгдэж буй хувилбаруудын талаар товч мэдээлэл өглөө. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг хоёр жилийн өмнө УИХ-аас байгуулж, Л.Цог тухайн ажлын хэсгийг ахалж ажилласан юм. Уг ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн дүгнэж, нам эвслийн бүлэгт дүгнэлтээ хүргүүлсэн аж. Одоогийн байдлаар үүнтэй чиг шугам адил ажлын хэсгийг УИХ дахин байгуулсан ба хоёр удаа хуралдсан ч ойлголтын зөрүү ихтэй байгаа гэж Л.Цог хэллээ.


Энэхүү уулзалтад Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хамаг Монголын хөдөлмөрийн нам, Монголын либерал нам, Эх орончдын нэгдсэн нам болон "Эрс шинэчлэл" хөдөлгөөний удирдлагууд оролцсон ба тэдгээр удирдлагууд 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан буюу өнөөгийн УИХ-ыг огцрох ёстой хэмээн үзэж байна. Тухайлбал, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат УИХ эцэг хуулийг өөрчлөх ямар ч ёс суртахууны чадамжгүй гэсэн байр суурьтай байсан бол Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч Ерөнхийлөгч болон УИХ аль аль нь ард түмний илэрхийлэл болж чадахгүй байгаа тул огцрох ёстой гэлээ. Мөн Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр Үндсэн хуулийг одоогийн УИХ өөрчлөлт оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд УИХ-ыг яаралтай тарааж, шинээр эмхлэн байгуулах шаардлагатай гэсэн юм. УИХ-ын дэд дарга Л.Цог уулзалтыг хааж хэлэхдээ, "Хаврын чуулганаар өнөөдрийн яригдсан гурван хуулиас гадна Эдийн засгийн өршөөлийн тухай, стратегийн ордыг хувьд шилжүүлэх тухай зэрэг хэд хэдэн амин чухал хуулийг хэлэлцэнэ. Иргэд сонгогчдын эсэргүүцэлтэй ихээр тулах байх" гээд өөрийн зүгээс байр сууриа илэрхийлнэ гэв.


Б.Туул

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг