sonin.mn
 
 
МОСКВА. /RIA Novosti/. Экологийн томоохон арга хэмжээ болох “Эх дэлхийн цаг” арга хэмжээнд өнөөдөр дэлхийн 170 гаруй орон нэгдэнэ.
“Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн онгон байгалийг хамгаалах сан /WWF/ 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөр нь гэрэл болон цахилгаан хэрэгслээ нэг цагийн турш дэлхийн нийтээрээ нэгэн зэрэг унтраахыг уриалдаг билээ. Энэ үеэр дэлхийн хамгийн алдартай барилга, хөшөө дурсгалуудын гэрэлтүүлэг унтардаг.
 
Энэ жилийн  арга хэмжээнд 172 орон, 7000 гаруй хот нэгдэнэ. Парисын Эйфелийн цамхаг, Сан-Францискогийн Алтан хаалга, Афины Акрополь зэрэг дэлхийн хамгийн алдартай түүхэн дурсгалт газрууд орон нутгийн цагаар 20 цаг 30 минутад гэрэлтүүлгээ унтраана.
 
Анх 2007 онд Австралийн Сидней хотын нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан бол 2008 оноос энэхүү уриалга дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг