sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хонь болон тэмээний ноосонд олгох урамшууллыг шинэчлэн баталсан талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ.
 
2010 онд баталсан “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хонь болон тэмээний ноос бэлтгэж дотоодын үйлдвэрт нийлүүлсэн малчдад кг тутамд нь 2000 төгрөг олгодог байсан. 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Засгийн газар “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх тухай” тогтоол гаргасан. Уг тогтоолтой уялдуулан хонь, тэмээний ноосыг малын үүлдэр, чанараар ангилж урамшууллын мөнгө олгох болсон. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар нарийн, нарийвтар болон бүдүүвтэр ноосны кг тутамд нь 2000 төгрөг, хяргаж бэлтгэсэн болон энгийн ноосонд 1000 төгрөгийн урамшуулал олгохоор тогтжээ. Ингэснээр малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр хэллээ.
 
Ч.Ариунболд