sonin.mn

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын 2015 оны хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр ард иргэдэд хандан, мэдэгдэл хийх үеэрээ:
"Шийдлийн, эв эеийн Засгийн газар эвлэж бүрдэн ажиллаж эхэлсэн эхний 100 хоногийн хугацаанд өдөржин шөнөжин зүтгэж чармайсан нөр  ажлын үр дүнгээ гаргаж байна. Юуны өмнө, сүүлийн гурван жил гацсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, сүүлийн зургаан жилийн хугацаанд саатсан Таван толгойг дэлхийн хэмжээний уурхай болгох шийдвэрүүдийг эцэслэн гаргахыг монгол хүн бүхэн хүсэн хүлээж байгаа.

Оюу толгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар  зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно.

Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюу толгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж, шинэ зам нээж өгнө.

Таван толгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээхүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Таван Толгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо.

Таван толгой төслийн их бүтээн байгуулалт зөвхөн яриа маргаан бус бодит ажил болж  эхэлснээр бүхэл бүтэн 6 жил гаруй цаасан дээрээ гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна. Төсөвт зөвхөн энэ жил 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулна. Төмөр замд оруулсан 300 гаруй сая доллараа эргүүлэн олж авна.

Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэн  хэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зөвхөн энэ жил  гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна. Цаашид 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг Эрдэнэтийн 51%, Оюу толгойн 34% багтдаг Эрдэнэс Монгол компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах асуудлыг бид судлан шийдэх боломжтой гэж үзэж байна.

Шулуухан хэлэхэд  хоёр том төслөө хөдөлгөж байж л, араас нь залгах бусад хөрөнгө оруулалт бодитоор орж ирнэ. Монгол Улс хүндрэлээс гарах гарц нээгдэнэ.” Гэсэн юм.
Харин маргааш нь УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлт дээр үг хэлэх үеэрээ Засгийн  газр ын хийж буй Тавантолгойн гэрээг шүүмжлээд, хэрэв уг гэрээнд гарын үсэг зурах гэж оролдвол нэр бүхий сайд нарыг огцруулна гэдгээ мэдэгдсэн билээ.


Мөн  4 сарын 8-нд Г.Уянга Төрийн ордонд мэдээлэл хийж,  Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баяртай холбоотой баримтуудыг дэлгэсэн юм.
Тэрээр өөрт  ирсэн баримтанд түшиглэн С.Баяр  АНУ-д 24 тэрбумын 7 байшин эзэмшиж буй  бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөө гадны банкинд байршуулж улмаар АНУ-д ХХК-д бүртгүүлэн,  уг компанийхаа нэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авч, эргүүлэн зарах замаар мөнгө угаадаг байж болзошгүй хэмээсэн билээ.

 


Харин дээрх хоёр үйл явдалтай тайлбаруудыг Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нар өнөөдөр хэвлэлд өгчээ.

 

С.Баяр : “ Энэ бүх яриа яагаад гардаг, юутай холбоотой нь тодорхой. Тодруулбал миний хийсэн Оюутолгойн гэрээтэй холбоотой. Манай улсад урьд нь хийгдэж байгаагүй олон тэрбум ам.долларын тэр гэрээ олон сая ам.долларын авилгын хаялагатай байх учиртай гэж боддог, харддаг, шуугидаг хүмүүс бий. Тэд Оюутолгойн асар том гэрээг зүтгүүлсэнийхээ шанд маш их авилга авсан байж таарна гэж нотлох гээд бүтэн зургаан жилийн нүүр үзэж байна. Гэрээний төслөө зориуд эсрэг талд ашигтай байхаар хийсэн хэмээн намайг буруутгах гэж оролдсоор өдийг хүрлээ. Тооцоо талаасаа буруутгаж чадахгүй болохоор “тоншсон” болгож харагдуулах гээд байдаг. “Тоншсон” нь нотлогдвол гэрээг бүр мөсөн тонгорч унагах арга олдоно гэж үздэг бололтой.Энэ гэрээ эхнээсээ цэвэр бизнесийн гэхээсээ геополитик, гео эдийн засгийн ач холбогдол, үр дагавар ихтэй хийгдсэн. Дотоод гадаадын том жижиг, эсрэг тэсрэг сонирхлууд энд хэрээстэй хэвээр. Оюутолгойн гэрээний нэг эгзэгтэй үе яг одоо таарч байна. Энэ гэрээний дараагийн үе шат далд уурхайн асуудал дээр очоод хоёр тал учраа сайн олохгүй тулчихаад байгаа юм. Одоо цаашдаа хоёр зам л бий. Асуудлыг хэлэлцээрийн аргаар шийдэж болно. Аль эсвэл хэрүүлийн аргаар бүр мөсөн унагаж бас болно.”  Гэсэн бол М.Энхсайхан : “Тавантолгойг тойроод цэвэр улс төр өрнөж байгаа харагдах юм. АН-ын дотор “хэн нь том бэ” гэдэг өрсөлдөөн хувь хүмүүсийн араншингаар дамжиж УИХ, Засгийн газрын хоорондын зөрчил болж харагдаж байна. МАН ч Тавантолгойн асуудлыг УИХ-д оруулах хэрэгтэй гээд дарга нь гарын үсэг зурсан. Чалкод асар их хэмжээний  өр тавьсан, хэрэг дээрээ 15 жилээр Тавантолгойг барьцаанд өгөх гэрээг хийж байх үед Чалкогийн гэрээг УИХ-д татан авч хэлэлцээгүй. Тэр үед МАН таг байсан. АН ч таг байсан. Тэр гэрээг ер нь монгол хүн уншаагүй юм шиг санагдсан. Өр тавьсан, барьцаанд орсон Чалкогийн гэрээг УИХ хэлэлцээгүй атлаа Тавантолгойн төслийг улстөржүүлж байгаа нь “гадаад” захиалгатай гэж эрхгүй бодогдуулж байгаа.” Хэмээн өгүүлжээ.


Өөрөөр хэлбэл С.Баяр, М.Энхсайхан ОюуТолгой, Тавантолгойтой холбоотой шүүмжлэлүүдийг гадаад орны захиалгатай байж мэднэ хэмээн өгүүлсэн нь анхаарал татаж буй юм.


М.Гал